ШҮҮХ: Ц.ГАРАМЖАВЫГ СЭЖИГТНЭЭР БАРИВЧЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН
УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг АТГ-аас 48 цагийн хугацаатай баривчилсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Монполимет Групп нь Монцемент цогц үйлдвэрийн төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас 2014, 2015 онд нийт 65.0 сая ам.долларын зээлийг авсан байдаг. Тэгвэл АТГ тус зээлийг зориулалт бусаар зарцуулсан байж болзошгүй гэж үзэж, ийнхүү саатуулсан байдаг.
Тэгвэл уг баривчилгаа нь зөвшөөрөлтэй, хууль зүйн үндэслэлтэй байсан эсэхэд шүүхээс албан ёсоор тайлбар өгчээ. Шүүхээс "Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 22 цаг 45 минутад сэжигтэн Ц.Гарамжавыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан буюу “гэмт хэрэг үйлдсэн даруй гэрч, хохирогч шууд заасан” үндэслэлээр шүүхийн зөвшөөрөлгүй, хойшлуулшгүйгээр баривчилж, сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй, хойшлуулшгүйгээр баривчилсан ажиллагааны хууль зүйн үндэслэлийг хянуулах саналыг Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Мөрдөгч сэжигтнийг баривчилсан даруй прокурорт мэдэгдэж, прокурор шийдвэрийг шүүхэд даруй хүргүүлнэ” гэж, 3 дахь хэсэгт “Мөрдөгч сэжигтнийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу баривчилсан бол 24 цагийн дотор шүүх шийдвэрлэнэ” гэж заасан тул хэрэгт цугларсан нэр бүхий гэрч нарын мэдүүлэг болон орон байр, ажлын байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар Ц.Гарамжавыг сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгох нь зүйтэй гэж үзэн 2024 оны 05 дугаар сарын 28-ны шөнийн 22 цаг 45 минутаас эхлэн сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн болно" гэлээ.
Сануулахад, Ц.Гарамжавыг шалгаж байх явцад АНУ-д тодорхой тооны үл хөдлөх хөрөнгө илэрсэн байж болзошгүй бөгөөд тухайн хөрөнгийг худалдан авсан эх үүсвэрийг гэмт хэргийн замаар олсон эсэхийг шалгахаар түүнийг саатуулсан байна.