С.ГАНБААТАР: ЦАХИЛГААН, ДУЛААНЫ ҮНИЙГ УИХ-ААР БАТАЛСАН ХЭМЖЭЭНД АВААЧИХГҮЙ БОЛ ЗГ-Т ХАРИУЦЛАГА ТООЦНО

GNNGNN
Feb 18, 2025  
 0
С.ГАНБААТАР: ЦАХИЛГААН, ДУЛААНЫ ҮНИЙГ УИХ-ААР БАТАЛСАН ХЭМЖЭЭНД АВААЧИХГҮЙ БОЛ ЗГ-Т ХАРИУЦЛАГА ТООЦНО

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэржилтийн байнгын хорооны дарга С.Ганбаатар мэдэгдэл хийлээ. Тэрбээр цахилгаан, дулааны үнэ бодит байдалд хэтийдэн нэмэгдэж байна, хэрэв УИХ-аар баталсан хэмжээнд аваачихгүй бол Эрчим хүчний яам, Эрчим хүчний үндэсний хороо, Эрчим хүний зохицуулах хороонд хариуцлага тооцно гэлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Чуулган завсарлаж буй үеэр 15 аймгаар орж, иргэдтэй уулзлаа. Цахилгаан, дулааны үнэ хэрээс хэтрэн нэмэгджээ. Ард иргэд хийгээд үйлдвэрлэгч, өрхийн АА эрхлэгчдэд маш хүндээр тусаж байна. Энэ мэдээллүүдийг олноор авлаа. Ингээд Эрчим хүчний үндэсний хороонд бичгээр хандлаа.

УИХ-аар батлагдсан тарифаас нэмэгдэж байгаа энэ асуудлыг яаралтай зогсоо. Үгүй бол хариуцлага тооцохоос аргагүй.

Эрчим хүч, дулааны асуудлыг Төсвийн тухай хууль хэлэлцэж байх үеэр УИХ-аар ярихад би иргэдэд дааж давшгүй ачаа үүрүүлэх нь гэж долоон удаа мэдэгдсэн. Ийм ноцтой асуудлыг ЗГ-ын холбогдох яамд, Эрчим хүчний үндэсний хороо яаралтай анхаар. Үндэслэлгүй нэмсэн тарифын асуудал байгаа бол энэ тухай мэдээллээ гуравдугаар сарын 1-ний дотор ард түмэнд заавал өг гэдгийг бичгээр илэрхийллээ.

Үнэ үндэслэлгүй нэмэгдэж байгаа асуудлаар иргэд мэдээллээ Аж үйлдвэржилтийн байнгын хороонд сайтар өгнө үү.

Энэ гажуудлыг таслан зогсооно гэдгээ үүгээр илэрхийлж байна.

Өмнө нь 300 мянга байсан бол одоо 1.5 сая болчихлоо гэдэг мэдээлэл надад ирж байгаа. Энэ зүйлсийг нягталж үзнэ, бодитой гэдэгт итгэлтэй байна. Үүнийг Эрчим хүчний яам, Эрчим хүчний үндэсний хороотой хатуу ярина. Тарифыг УИХ-аар батлагдсан хэмжээнд аваачна. Үгүй бол хариуцлага тооцно. Харин үнэ нэмэгдсэн энэ баримтуудыг Аж үйлдвэржилтийн байнгын хороонд идэвхтэй өгөөсэй гэж уриалж байна" гэлээ.