СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БООМ ӨВЧНИЙ НУУЦ ҮЕ 1-7 ХОНОГ ҮРГЭЛЖИЛДЭГ

GNNGNN
Nov 13, 2024  
 0
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БООМ ӨВЧНИЙ НУУЦ ҮЕ 1-7 ХОНОГ ҮРГЭЛЖИЛДЭГ

Увс аймгийн Зүүнговь сумын Тохой багт боомын хүний өвчлөлийн хоёр тохиолдол бүртгэгдсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал хөдөлгөөн нь удааширсан малыг төхөөрч, гаргаж чанан махыг нь идсэн гэх М, Т иргэнд боом өвчний шинж тэмдэг илэрсэн, боом өвчний сэжигтэй байж болзошгүй дуудлагыг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус аймаг дахь Зооноз авчин судлалын төвд ирсэн байна.

Иймд бид та бүхэн боом өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар мэдээллийг хүргэж байна.

Боом өвчин нь мал амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчин юм. Bacillus anthracis нянгаар үүсгэгддэг мал, амьтнаас хүнд халдварладаг, хүний тунгалагийн зангилаа болон мэдрэлийн ширхэгийг гэмтээдэг байна. Түүнчлэн хүчтэй хордлогоор илэрдэг, байгалийн голомтот хурц халдварт өвчин.  Тухайн өвчний үүсгэгч нь /B.anthracis/ нь газрын хөрсөнд удаан хугацаагаар амьдрах чадвартай, хуяг бүрхүүл үүсгэдэг, хөдөлгөөнгүй, 3-8 нм урт, 1-1,5 нм өргөн савхан хэлбэртэй ба хуягласан хэлбэрээр байгальд оршдог. Мал болон хүний бие махбодид орох үедээ идэвхитэй үржиж хавагнуулах, эд эсийг үхүүлэх нөлөө үзүүлдэг.

Боомын үүсгэгчийн тэсвэрлэх чанар: Боомын үүсгэгч нь гадаад орчны таагүй нөлөөлөл болон хими, физикийн үйлчлэлд их тэсвэртэй. Малын өтөг бууц, хэвтэрт маш удаан хугацаагаар, амьтны үсэнд 3-5 сар, арьс ширэнд 1 жил амьдрах чадвартай тул халдвар үүсгэх эрсдэл тогтмол өндөр байдаг.

Халдвар дамжих зам: Шууд хавьталын замаар: өвчнөөр үхэж буй амьтны эд эрхтэнтэй хүрэлцэх, эдгээр амьтдыг хазсан ялаа шумуулд хазуулах /энэ тохиолдолд ялаа шумуул нь өвчин тээгч болно/, халдварлагдсан ноос арьс шир эсвэл хөрс бууц зэрэгт хүрэлцэхэд халдвар авна.

  • Амьсгалын замаар: үйлдвэрлэлийн /арьс шийр, ноос ноолуур боловсруулах үйлдвэр г.м/ агааржуулалт муутай нөхцөлд B.anthracis нь амьсгалын замаар халдвар үүсгэж болно.
  • Ходоод гэдэсний замаар: халдварласан малын махыг дутуу болгож идсэнээс үүснэ.

Халдварт өртөх эрсдэлтэй хүн ам:

  • Арьс ширний үйлдвэрийн ажилчид
  • ХАА-н мэргэжлийн хүмүүс
  • Малчид
  • Малын эмч нар
  •  Нян судлаач эмч нар

Хүнд халдварлагдах хэлбэрүүд:

  • Арьсны хэлбэр: халдвартай амьтан болон амьтаны гаралтай бүтээгдэхүүнтэй хүрэлцэх үед үүсдэг ба тохиолдлын хэлбэр 95%-ийг эзэлдэг.
  •  Амьсгалын замын хэлбэр 
  • Хоол боловсруулах замын хэлбэр. Сүүлийн 2 хэлбэр нь ховор буюу 0-5%-д тохиолддог.

Илрэх шинж тэмдэг:

  • Халуурах, толгой өвдөх, бие сулрах, дотор муухайрах, хоолонд дургүйцэх мэтийн ерөнхий хордлогын шинж тэмдэг илэрнэ. Үүн дээр:
  • Арьс салстын хэлбэрийн үед халдвар орсон газрын арьс салст дээр эхлээд улаан цэг үүсч, өндөр халуурч загатгах дараа нь гүвтрүүтэх цэврүүтэх, хар тав үүсэх зэрэг шинж тэмдэг илэрнэ.
  • Амьсгалын замын хэлбэрийн үед амьсгаадна, амьсгал бачиурч боогдоно, амьсгалын дутагдалд орно. Гэдэсний хэлбэрийн үед гүйлгэх, суулгах, бөөлжих шинж тэмдэгүүд илэрнэ.

Урьдчилан сэргийлэх:

  • Малчид өвчнөөр үхсэн малтай харьцах, халдвараас биеэ хамгаалах талаар мэдлэг дадал эзэмшээгүйн улмаас өвчтэй, үхсэн малын түүхий эд, махыг төв сууринд оруулж борлуулах явдал нь халдвар гарах нөхцөл болж байгаа тул үүнд тавих хяналтыг сайжруулах хүнс худалдааны ажилчид хувь хүнээс баталгаагүй мах худалдан авахгүй байх
  • Мах сүү, сүүн бүтээгдэхүүнийг гүйцэд боловсруулж хэрэглэх
  • Мал эмнэлэг хяналтын зөвшөөрөлтэй махыг худалдах, худалдан авах
  • Өвчтэй болон үхсэн малтай хувийн хамгаалах хэрэгсэлгүй харьцахгүй байх
  • Хувийн ариун цэврийн дэглэм сайтар сахих
  • Арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсан үед мах, арьс шир болон бусад түүхий эдтэй аль болох харьцахгүй байх
  • Өвчтэй буюу үхсэн малтай харьцсаны дараа ариутгалын бодис уусмалаар гар хувцас хэрэгслэлээ халдваргүйжүүлэх

Хэрэв дээрх шинж тэмдэгүүд илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандан тусламж үйлчилгээг авах шаардлагатай.