НЭРТ ЗОХИОЛЧ Ш.ГҮРБАЗАР АГСНЫГ "CHATGPT"-ЭЭР ҮДСЭН СОЁЛЫН ЯАМ

GNNGNN
May 12, 2026  
 0
НЭРТ ЗОХИОЛЧ Ш.ГҮРБАЗАР АГСНЫГ "CHATGPT"-ЭЭР ҮДСЭН СОЁЛЫН ЯАМ

Монголын утга зохиол, сэтгүүлзүйн сод соёл, Төрийн шагналт Ш.Гүрбазар агсан таалал төгсөж, бүх нийтээр гашуудаж байхад Соёл, спорт, аялал жуулчлалын яамныхан олны дургүйцлийг бадраасан "эмгэнэлт" үзүүлбэр үзүүлэв. Нэрт яруу найрагчийн овгийг хагас дутуу бичиж Ардын уран зохиолчдын бүтээлүүдийг түүнийхтэй хольж хутган, түүхэн доромжлол үйлдлээ.

Төрийн албаныхан оюуны "дампууралд" хүрч, хиймэл оюуны “утсан хүүхэлдэй” болон хувирлаа. Өмнө нь тэд асуудалд хандахдаа "Даргаас асууя, мэргэжилтнээс тодруулъя" гэж ам тагладаг байсан бол, одоо харин тархиа ажиллуулахын оронд ChatGPT-ээс гуйж, Claude-оор гувшуулдаг болжээ. Хамгийн эмгэнэлтэй нь, хиймэл оюун ухааны түүхий мэдээллийг шүүлтүүргүйгээр төрийн албан бичиг, бүр хүн ёсны гашуудал болгон гаргаж байгаа нь тэдний чадвар ямар түвшинд хүрснийг бэлхнээ гэрчилнэ.

Захын хүн мэдэх бүтээлийг нь ялгаж чадахгүй байгаа нь тэдэнд мэдлэг байхгүй төдийгүй, нягтлах сэтгэл, хүн чанар дутсаны илрэл биз ээ. Уг эмгэнэл гэх зүйлээ дөрвөн удаа засаж, пэйждээ байрлуулсан ч ард түмний эсэргүүцэлд өртөн устгаж орхисон. Соёлын яам нь соёлын охь болсон эрхэм хүнээ үдэж чадахгүй байгаа нь энэ салбарын хамгийн том эмгэнэл биш гэж үү? Гэтэл Сайд Ж.Алдаржавхлан "Би гадаадад томилолттой явна, хариуцлага тооцно" гэж өөрөөсөө асуудлыг зайлуулж сууна. Сайд хүн пост бүрийг засахгүй ч, ийм хүмүүсээр багаа бүрдүүлж, хяналтын тогтолцоогүй ажиллаж байгаа нь түүний шууд хариуцлага юм.

Яамны Хэвлэлийн албаны дарга гэх И.Сарангэрэл нь сэтгүүлч мэргэжилтэй, редактор хийж явсан нэгэн атлаа эх хэлээрээ ганц эмгэнэл бичих чадваргүй, сэтгэлгүй байгаа нь харамсалтай. Сануулахад  тэрээр эрх мэдлээ урвуулан ашиглаж, ажил хийгээгүй хүнд цалин олгосон хэргээр шалгагдаж байсан түүхтэй нэгэн. Харин өнөөдөр Соёлын яамны нүүр царайг ийнхүү шавартай хутгаж сууна. Төрийн алба "мэргэжлийн" бус, "мэхлэгч" нарын орогнох байр болсны тод жишээ энэ юм.