С.ДАВААСҮРЭН: “АЙЛ ӨРХӨД ӨДӨРТ НЭГ ШУУДАЙ” ГЭДЭГ ЗАРЧМАА ЭНЭ ӨВӨЛДӨӨ БАРЬЖ АЖИЛЛАХААС ӨӨР АРГАГҮЙ
“Тавантолгой түлш” ХХК-ийн захирал С.Даваасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Шахмал түлшийг нэг айл долоо хоногт долоон шуудайг авдаг. Үүнийг нэмэгдүүлэх, олноор нь авдаг болох хүсэлт иргэдээс их ирж байгаа гэсэн. Ийм боломж бололцоо байна уу?
-Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарыг олон жилийн дунджаасаа илүү хүйтэн байх талаарх мэдээллийг бидэнд ирүүлсэн. Үүнтэй холбоотойгоор одоо өгч байгаа тоо хэмжээгээ нэмэгдүүлээч гэсэн хүсэлтийг маш их ирүүлж байна. Тэр дотроо долоо хоногийн хэрэглээг 10 шуудай болгох, 14 хоног, сараар нь урьдчилан авч болдог байх зэрэг санал хүсэлт байна. “Тавантолгой түлш” компанийн хувьд энэ өвөл нийслэлийн гэр хорооллын иргэдэд 427 мянган тонн түлшийг түгээхээр төлөвлөн ажиллаж байгаа. Үүний 307 нь хагас кокс, үлдсэн нь эрчим хүчний угаан баяжуулсан нүүрсээр хийсэн түлш байна. Мэдээж импортоор орж ирж байгаа түлш асуудлууд байна.
-Ямар асуудал гарч байна вэ?
-Хоёр асуудал байна. Нэгдүгээрт, татан авалтыг төмөр замаар явч байгаа. Есдүгээр сарын сүүлээр тендерийн маргааны асуудал маань шүүхээр эцэслэн дуусаад бид татан авалтаа хийж эхэлсэн. Галлагааны улиралд нийтдээ 127 цуваа авах ёстой. Одоогийн байдлаар 24 цуваа буюу 120 вагоныг авчихаад байна. Төмөр замын ганцхан гарцтай учраас нэлээд ачаалал үүсдэг. Тиймээс үүнээс үүдээд айл өрхийнхөө худалдан авалтад 14 хоног, нэг сар гэж урьдчилан өгөх боломжгүй байна. Ямар ч байсан төмөр замынхантайгаа уулзаад ирэх сарын 1-нээс эхлээд айлууд сард хоёр удаа түлшээ татдаг хэмжээнд хүргэхээр төлөвлөөд ажиллаж байгаа. Хоёрдугаарт, ноднин жил бид 172 мянган өрхөд 427 мянган тонн түлш өгч байсан бол өнөөгийн байдлаар айлын тоо 181 мянга болж нэмэгдсэн. Нэг ёсондоо есөн мянган өрх энэ хугацаанд шилжин ирж суурьшсан гэсэн үг. Тийм болохоор нэг айлд өдөрт нэг шуудай гэдэг зарчмаа энэ өвөлдөө барьж ажиллахаас өөр аргагүй.
-Чанарын хувьд хэр байгаа вэ?
-Лабораторийн шинжилгээгээр хагас кокс, угаан баяжуулсан нүүрсээр хийсэн түлш мидлингээр хийсэнтэй харьцуулахад бүх үзүүлэлтээрээ сайжирсан дүн гарсан. Тийм болохоор түлшний чанар, аюулгүй байдал дээр санаа зоволтгүй хэрэглэж болно.
-Долоо хоногт долоог өгнө гэж байна. Гэтэл огцом хүйтэрвэл айлууд маань гал алдах эрсдэл бий болохгүй юу. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Ер нь нэг айлд долоо хоногт долоон шуудай гэдэг бол 2.5 тонн орчим болно гэсэн үг. Бид өмнө нь Багануурын нүүрс түлдэг байсан. Багануурын нүүрсний илчлэг 3800 хүртэл л байдаг. Мидлинг болон хагас коксон түлшний илчлэг харин 6300 байдаг юм. Өөрөөр хэлбэл, түүхий нүүрснээс хоёр дахин илчлэгтэй гэсэн үг. Мөн мидлингээр хийсэн түлш дулаанаа гурван цаг барьдаг бол хагас коксоор хийсэн нь 4-5 цаг барьдаг. Ингэхээр түлэх хэмжээ тэр хэрээрээ бага байна. Харин долоо хоногт долоон шуудай гэхээр байнга худалдан авах, зөөхөд л хүндрэлтэй байгаа асуудал. Түүнээс нэг өдөрт нэг шуудай гэдэг нь түлэлтийн хэмжээнд нэг их чухал биш.
-Хотын дарга утаа их гараад байгаа нь түлшээ модоор асааж байгаатай холбоотой гэдэг зүйл ярьсан. Тэгвэл юугаар асаах ёстой юм бэ?
-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2025 оны тавдугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор түлшний шаталтыг дэмжих гал асаагчийн судалгааг хийх, айл өрхийн хэрэглээнд нэвтрүүлэхийг даалгасан юм. Үүнийх нь дагуу ч тодорхой ажлууд хийсэн. Ер нь төрөөс чанартай түлшээр тогтвортой хангана. Хувийн хэвшил түлш асаагч бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж нийлүүл. Айл өрхүүд түлшид тохирсон зуух хэрэглэ гэсэн шийдэлтэй л юм. Төр энэ үүргээ биелүүлж байна. Харин утааг бууруулахын тулд иргэд маань ч гэсэн алхам хийж зуухаа сайжруулж, гэр орноо дулаалах шаардлагатай. Хятад, Солонгос, Орос зэрэг улсууд өөр, өөрсдийн гал асаагчтай байдаг. Гэтэл бид галаа асаахын тулд мод, цаас, тос гээд элдвийн зүйл ашиглаж байна. Ингэснээр нөгөө утаа их гарах үндсийг бий болгоод байгаа юм. Тиймээс өөрсдөө дотооддоо гал асаагч гаргамаар байна. Ер нь дан төрийг хараад утаа буурахгүй. Тийм учраас хувийн хэвшил, айл өрхүүдийг хамтарч ажиллахыг хүсч байна.
-Галлагааны улирал эхлээд сар гаруй болж байна. Энэ хугацаанд угаарын эрсдэл, дуудлага мэдээлэл хэр ирж байна вэ?
-Хотула аппликэйшний бүртгэлтэй 181 мянган өрх байна гэж хэлсэн. Гэтэл угаар мэдрэгч дээр хяналт тавьдаг “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн бүртгэлтэй 152 мянган өрх байна. Зөрүү болох болох 29 мянган орчим айл угаар мэдрэгчгүй гэсэн үг. Өнгөрсөн долоо хоногт дөрвөн хүн угаартсан гэсэн мэдээлэл ирээд, эмчилгээгээ хийлгээд гайгүй болсон. Ер нь энэ тоо, зөрүүн дээрээс нь харахад түлшээ зөв түлээд, галлагааныхаа аюулгүй байдлаа хангачихвал хордохгүй ээ л гэдэг зүйл юм. Дээрээс нь мэдрэгчээ байршуулж, түүнийхээ ажиллагааг хангах хэрэгтэй.
