НИЙСЛЭЛ ЭНЭ ӨВӨЛ ЯНДАНГИЙН ТООГ 7-10 МЯНГААР БУУРУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ
Нийслэлээс энэ өвөл агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхүүдийн халаалтад эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуулах технологи нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Тодруулбал, уг технологийг нэвтрүүлснээр гэр хорооллын яндангийн тоог 7-10 мянгаар бууруулахаар зорьж байгаа аж. Төслийг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлэх юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва дулаан хуримтлуулах технологи нэвтрүүлснээр айл өрхийн дулаан хангамжийг сайжруулахын зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтойг онцоллоо.
Мөн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг энэ сарын 20-нд Сүхбаатарын талбайд иргэдэд нээлттэй танилцуулах юм байна.
