С.ЧИНЗОРИГ: ДӨРВӨН ХҮНИЙ БИЕИЙН БАЙДАЛ МАШ ХҮНД БАЙГАА БОЛ НЭГ ХҮНИЙ БИЕ САЙЖИРЧ, ЭНГИЙН ТАСАГ РУУ ШИЛЖСЭН

GNNGNN
1-р сарын 31, 2024  
 0
С.ЧИНЗОРИГ: ДӨРВӨН ХҮНИЙ БИЕИЙН БАЙДАЛ МАШ ХҮНД БАЙГАА БОЛ НЭГ ХҮНИЙ БИЕ САЙЖИРЧ, ЭНГИЙН ТАСАГ РУУ ШИЛЖСЭН

Нэгдүгээр сарын 24-ний 01:06 цаг орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн уулзвар дээр их хэмжээний шингэрүүлсэн хий буюу газ тээвэрлэж байгаа том оврын автомашин суудлын автомашинтай мөргөлдөж, их хэмжээний гал дэгдсэн.

Газын дэлбэрэлтэд өртөж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлын талаар өнөөдөр /2024.01.31/ Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл өглөө.

Тэрбээр "Иргэд гадаадаас түлэнхийн тос гэх мэт эмчилгээнд хэрэгтэй эм бэлдмэл хандиваар өгч байгааг үгүйсгэхгүй байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг Түлэнхийн төвд эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал маш хүнд байна. Нийт таван хүн 80-90 хувийн түлэгдэлттэй, таван хүн 15-25 хувийн түлэгдэлттэй хүнд байгаа. Харамсалтай нь өнөөдөр 80-90 хувийн түлэгдэлттэй 54 настай иргэн нас барлаа.

Эмнэлэгт 10 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хоёр нь харамсалтайгаар нас бараад байна. Одоо дөрвөн хүний биеийн байдал маш хүнд байгаа бол нэг хүний бие сайжирч, энгийн тасаг руу шилжсэн. Одоогоор эм тарианы тасалдал үүссэн асуудал байхгүй. Засгийн газар дээр өнгөрсөн долоо хоногт асуудлыг танилцуулж, шаардлагатай эмчилгээний зардлыг нөөц хөрөнгөнөөс зарцуулах чиглэл өгсөн" гэлээ.