“САУСГОБИ РЕСУРС" ЭЦЭСТ НЬ 26.5 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТАТВАРЫН ӨРӨӨ ДАВЖ ЗААЛДАХГҮЙГЭЭР ТӨЛНӨ

Өмнөговь аймгийн Гурван тэс суманд “Овоот толгой” нүүрсний ил уурхайд олборлолт хийж ойролцоох гурван ордыг мөн эзэмшдэг Торонто болон Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Саусгоби Ресурс” компани татварын маргаанаа эцэслэхээр болсон байна.
“Туркоиз Хилл Ресурс” тус компанийн 47.9 хувийн эзэмшдэг бөгөөд 2012 онд “Саусгоби Ресурс”-ын Жастин Капла тэргүүтэй гурван ажилтанд татварын хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлээр хэрэг үүсгэж, удаа дараагийн шүүх хурлуудын дараа буюу 2015 онд хорих ял шийтгэл оногдуулсан. Мөн тус компаниас 35.3 тэрбум төгрөгийн татварын торгуулийг төлүүлэх шүүхийн шийдвэр гарсан юм.
Тухайн үед Жастин Капла, Хиларион Кажуком, Кристобел Дэвид нар нийлэн 17 тэрбум төгрөгийг бүлэглэн татварт төлөхөөс зайлхийсэн буюу нийт 35 тэрбум төгрөгийг татвараас нуун дарагдуулсан гэх Эрүүгийн хуулийн гурван зүйл ангиар буруутгагдсаныг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж уучлал үзүүлсэн. Гэхдээ улсад төлөх хохиролыг барагдуулах ёстой гэх шүүхийн шийдвэр хэвээр үлдэв.
Ингээд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед 15 тэрбумыг нь бэлнээр, үлдсэнийг нь хэсэгчилсэн байдлаар төлж барагдуулах асуудлыг танилцуулж байсан юм. 2016, 2017 онд тус бүр 7.5 тэрбум төгрөг төлөхөөр, үлдэгдэл 20.3 тэрбум төгрөгийн өрийг Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн Тавантолгойн уурхайд өөрийн зардал, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолт явуулан барагдуулах санал тавьсныг хүлээн авч байв. 2018 онд дээрх 35 тэрбумын өр төлбөрийг бүрэн барагдуулж дууссан гэдэг ч дахин татварын өр төлбөр үүсгэсэн.
-ТУЗ-ийн даргаа өөрчилж, Хятадын талаас удирдлагууд орж иржээ-
2018 онд тус компанийн ТУЗ-ийн түр хугацааны орлогч даргаар Хятадын талаас Сүнь Мао гэх шинэ хүн орж ирсэн бөгөөд өмнө нь Хятадын төрийн өмчит компани болох “China Investment Corporation” компаниас 500 сая ам.доллар зээлсэн байсантай болон, манай улсын ТЕГ-т өгөх өр төлбөрүүдтэй холбоотойгоор дампуурлаа зарлахынх нь алдад ийн удирдлагын бүтцэд нь өөрчлөлт орж эхэлсэн.
“Саусгоби Ресурс”-ийн хувьцааны дийлэнх хувийг Хятадын “Чалко”-д худалдсан. Тэр жилдээ ашигтай ажилласан мөртлөө гэнэтхэн дампуурлаа зарлахдаа тулж, Хятадын компанид хувиа зарсан зэрэг нь БНХАУ-ын зүгээс манай ордуудыг өрөндөө авах сонирхол өндөр байгааг харуулж байсан билээ. Тухайн үед Хятадын хувь эзэмшил талаас 5 шатны удирдлагыг бүгдийг нь өөрсдийн хүнээр сольсон. Гэтэл сольчихоод удалгүй буюу 6 сарын дараа дахиад л дампуурахад ойрсон ирснээ зарласан.
Татварын Ерөнхий Газраас тус компанийн 2017-2020 онд төлсөн АМНАТ-т ногдуулсан татвар ийн 80 сая орчим ам.долларт хүрсэн. Энэ хугацаанд манай улсын Татварын газраас тавьсан өрөө төлөхгүй явсаар л байсан. Ингээд 2025 оны нэгдүгээр сарын 10-нд Татварын Маргаан шийдэх зөвлөлийн шийдвэр гарч 80 сая ам.доллараас 26.5 сая ам.доллар хүртэл бууруулж нэхэмжилсэн байна. Ингэхдээ 30 хоногийн дотор давж заалдаж болно гэсэн ч эцэст нь тус компани давж заалдалгүйгээр энэ онд татварын маргаанаа дуусгахаар болов.
Учир нь татварын өрийн асуудлаа шийдвэрлэхгүй бол сүүлийн жилүүдэд хувьцааны ханш нь доод түвшиндээ хүртэл унаж байгаагаас шалтгаалан, дампуурах эрсдэл хүрчихээд байгаа. Улмаар хуучин явдал давтагдаж Хятадын эзэмшил талдаа нүүрсний ордуудыг өгөхөөр өр төлбөрөө цэгцэлж байна уу гэж харагдахаар байна.