БАНКНУУДЫН ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТ IV УЛИРАЛД НЭМЭГДЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

GNNGNN
Nov 8, 2024  
 0
БАНКНУУДЫН ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТ IV УЛИРАЛД НЭМЭГДЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

Төв банкнаас бодлогын хүүг аажимдаа сулруулж буй ч банкнуудын зээлийн хүү өндөр хэвээр байна.

Ирэх гурван сард томоохон банкнуудын зээлийн эрэлт бага зэрэг нэмэгдэх хүлээлттэй байгааг Монголбанкны судалгаанд онцоллоо. Үүнтэй холбоотойгоор томоохон банкнуудын зээлийн нийлүүлэлт нэмэгдэх төлөвтэй байна.

Банкнууд аж ахуйн нэгжийн зээлийн нөхцөлөө сүүлийн гурван улирал дараалан сулруулаад байгаа бөгөөд ирэх улирлуудад ч энэ нөхцөлөө хэвээр хадгалахаар байгаа юм. Харин иргэдийн зээлийн нөхцөлийг чангаруулах төлөв байгааг тодотгожээ.

III улиралд нийт салбарт зээлийн эрэлт нэмэгдсэн нь өмнөх улирлын хүлээлтэд хүрсэн юм. Ялангуяа уул уурхай, худалдаа, үйлчилгээний салбарт зээлийн эрэлт өндөр байна.

Энэ оны III улиралд аж ахуйн нэгжүүдэд нийт 5.5 их наяд төгрөгийн зээл шинээр олгосон нь өмнөх улирлаас 20.6 хувиар буурсан бол өмнөх оны мөн үеэс 19.9 хувиар өсжээ. Харин иргэдэд 6.7 их наяд төгрөгийн зээл олгосон нь өмнөх улирлаас есөн хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Төв банкнаас бодлогын хүүг аажимдаа сулруулж буй ч банкнуудын зээлийн хүү өндөр хэвээр байгаа юм. II улирлын байдлаар хувийн хэвшилд олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 15.8 хувьд хүрсэн нь өмнөх оны  мөн үеэс 0.3 нэгж хувиар, 2021 оны эцэстэй харьцуулахад 3.9 нэгж хувиар өндөр байгааг Монголбанк мэдээлж байсан юм.