Р.ЭМҮЖИН: 2015-2016 ОНД Б.БУЛГАН ЭСРЭГ ХҮЙСТНИЙХЭЭ НҮДНИЙ ӨМНӨ, ИЛ ТАВЬСАН ХУВИНД БИЕ ЗАСАХААС АРГАГҮЙ БАЙДАЛД 10 САР ХОРИГДСОН

GNNGNN
Apr 22, 2024  
 0
Р.ЭМҮЖИН: 2015-2016 ОНД Б.БУЛГАН ЭСРЭГ ХҮЙСТНИЙХЭЭ НҮДНИЙ ӨМНӨ, ИЛ ТАВЬСАН ХУВИНД БИЕ ЗАСАХААС АРГАГҮЙ БАЙДАЛД 10 САР ХОРИГДСОН

ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН ДЭД САЙД АСАН С.ЗОРИГ АГСНЫ МЭНДЭЛСЭН ӨДӨР ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙГААТАЙ ЗЭРЭГЦЭН ТҮҮНИЙ ГЭРГИЙ Б.БУЛГАН НЭВТРҮҮЛЭГТ ДЭЛГЭРЭНГҮЙ ЯРИЛЦЛАГА ӨГЛӨӨ. ХАРИН ТҮҮНИЙ ЯРИЛЦЛАГЫГ СОШИАЛ СҮЛЖЭЭНД ОЛОН ХҮНИЙ ШҮҮМЖЛЭЛ ДАГУУЛААД БАЙГАА ЮМ. ЭНЭ ТУХАЙ ЗОХИОЛЧ Р.ЭМҮЖИН ӨӨРИЙН ЦАХИМ ХУУДАСНАА ИЙН НИЙТЭЛЖЭЭ.

Тэрбээр, “Түүнийг өнөөдөр телевизээр бүгд харав, бөөнөөрөө шүүв. Нөгөө л халимаг үстэй, уруулаа тод өнгөөр будсан, өөр олон олон сул талаа, туулсан зовлон, үүрсэн хатуужлаа араншин, үзэл бодлынхоо цаана, залгисан үг, зангасан гарныхаа ард нуусан 66 настай Булган. Гэхдээ 2015-2016 онд, Төв аймгийн хорих ангид 10 сар хоригдсон Булганыг хэн ч санасангүй. Тухайн үед УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хүний эрхийн бодит байдлыг судлахаар Төв аймгийн хорих ангид очихдоо Булгантай уулзсан байдаг. Хоригдож байгаа камерт нь очиход буурал үстэй, бөөр нь өвдөж хавагнасан, цонхны нар ч үзэх эрхгүй, эрэгтэй хоригдлуудын дунд хаа хаанаасаа харагдах төмөр торонд хоногийн 24 цаг байдаг, тэр олон эсрэг хүйстнийхээ нүдний өмнө, ил тавьсан хувинд бие засахаас аргагүй байдалд хоригдсон, бүх талаараа эрх нь зөрчигдөн, ёс зүйн гүн хар нүхэнд унасан эмэгтэй зогсож байсан нь Булган. Манаач, харуул, тагнуулын ажилтнууд, хоригдож байгаа хүмүүс нь бүгд эрэгтэй.

Тэр олон эрчүүдийн дунд ганц эмэгтэй. Хоригдож байгаа тор нь бусдынхаас илүү олон тод гэрэлтэй, бие засах хувин нь яг үүдэндээ, тэр хүнд хөнгөнөөр алинаар нь бие зассан ч, хувийн ариун цэвэр сахисан ч олны нүдэн дээр. Аман дотор нь болон арьсан дээр нь гарсан яр үрэвслийг шоронгоос өгдөг хар цайгаар зайлж, шавшин аргалдаг, бүтэн таван сар хоригдоход нь ганц ч удаа байцаалт авч байгаагүй тухай тэр үеийн хэвлэлүүд бичжээ. Ц.Оюунгэрэл уг нөхцөл байдлын тухай прокурорт албан бичиг хүргүүлж байсан гэдэг юм билээ.

Тийм нөхцөлд 10 сар хоригдохдоо гэмт хэрэгтнүүд гэгдэх эр, эм хоёр хүнийг биш байна аа гэж яагаад эргэлт буцалтгүй зүтгэснийгээ саяын ярилцлагадаа хэлж байна. Гэрчлээгүй гэсэн үг. Булган олон жилийн дараа ам ангайлаа, олон олон асуудал хөндлөө, гэхдээ хэрхэн хэн ч биш болж, хэрхэн хоригдон залхаагдаж байснаа ярьсангүй. Тийм боловч "1998 оны 10 дугаар сарын 2-ны өдөр би амьд үхдэл болсон" хэмээн өөрөө үнэнийг хэллээ. Ингэж бодож чадсан болохоор л тэвчсэн байх. Өнөөдөр түүнийг нийгмээрээ шүүж байна, эмэгтэй хүнийх нь хувьд элдвээр хэлж байна, магадгүй түүнд эрчүүдийн хэсэгт, унтсан ч, сэрсэн ч, бие зассан ч эсрэг хүйстнүүдийнхээ нүдэн дээр  үхэж байсан тэр 10 сарыг нь санагдуулж буй биз ээ. За тэр 15 телевизээр цацаж байгаа энэ тэрд Булганыг бус, бусдыг нь буруутгах нь зөв байх. Нийгмээрээ шүүхийг тэр мэдэж байсан, нийтээрээ нулимахыг ч мэдэж байсан, үүнээс өөр ярих боломж олдохгүй гэж бас айсан болов уу даа. Зоригийн хайрласан эмэгтэйг зовлон, хардалт хоёр үүрд дагах нь ээ, үрэгдсэн, үлдсэн хоёрт аймшигтай тавилан юм, хоолой зангиран бөглөрөх мөчид хоолой татан инээж аргалдаг болсон тийм эмэгтэйг л харлаа даа” гэв.