П.БАТЧУЛУУН ЭМЧ ТАЛИЙГААЧИЙН АР ГЭРИЙГ ГАРЫН ҮСЭГ ЗУРСНЫ ДАРАА ЭРХТНИЙ ХЭСГИЙГ НӨХӨЖ БИЧСЭН

GNNGNN
Mar 21, 2025  
 0
П.БАТЧУЛУУН ЭМЧ ТАЛИЙГААЧИЙН АР ГЭРИЙГ ГАРЫН ҮСЭГ ЗУРСНЫ ДАРАА ЭРХТНИЙ ХЭСГИЙГ НӨХӨЖ БИЧСЭН

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эд, эс, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга, Гавьяат эмч П.Батчулуун “Хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан” гэмт хэрэгт холбогдсон.

Баянгол дүүргийн прокурорын газраас: П.Батчулууныг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байхдаа замд зам тээврийн осолд орж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирж хагалгаанд орж, тархины үхэлтэй болохыг тодорхойлсон А-н ар гэрийн хүмүүсээс зөвшөөрөл авалгүйгээр /зөвшөөрсөн эрхтнээс өөр/ эд, эрхтнийг нь авсан гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

     Анхан шатны шүүх шүүгдэгч П.Батчулууныг “Хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
                
     Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шүүгдэгч П.Батчулуунд холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Б.Баяраа, Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн хэргийг хянан хэлэлцээд, П.Батчулууныг “Хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, улмаар түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэргийн гэм бурууд нь тохирсон байна гэж үзэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Учир нь хуурч, мэхлэх гэдэг нь үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг нуун дарагдуулах замаар бусдыг төөрөгдүүлж авсныг ойлгох бөгөөд П.Батчулуун нь хохирогч А-ийн ар гэрийн хүмүүст “элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авна” гэж тайлбарлан хэлж “Амьгүй донорын гэр бүлийн гишүүний зөвшөөрлийн хуудас”-т гарын үсэг зуруулж зөвшөөрөл авахдаа авах эрхтний нэр бичих хэсгийг хоосон орхиж гарын үсэг зуруулсны дараа “элэг, бөөр шөрмөс” гэж нөхөн бичиж донорын биеэс шөрмөс, түүний бэхлэгдэх хэсэг буюу толгойн шөрмөсийг тойг яс, шаант ясны бэхдэгдэх хэсгийн хамт, саран жийргэвч шөрмөс semimembronosus шөрмөсийг шаант ясны дээд булуутай хамт, хоёр дунд чөмөгний доод булуу, archillis шөрмөс, peroneus longus шөрмөс, tibialis anterior шөрмөс зэрэг хүний доод мөчдийн эд, хүний эрхтэн болох цөсний хүүдий зэргийг нэмж авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.