ОРОН НУТГИЙН ЗАМД ДАХИН ТОМ ОСОЛ ГАРЧ, ДӨРВӨН ХҮН НАС БАРСНЫ НЭГ НЬ ЭМЧ БАЙЖЭЭ

GNNGNN
Mar 14, 2025  
 0
ОРОН НУТГИЙН ЗАМД ДАХИН ТОМ ОСОЛ ГАРЧ, ДӨРВӨН ХҮН НАС БАРСНЫ НЭГ НЬ ЭМЧ БАЙЖЭЭ

Орон нутгийн замд зам тээврийн ноцтой осол энэ сарын 13-ны 02:30 цагийн үед гарч, дөрвөн хүний амь эрсэджээ.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Цагдаагийн байгууллагад энэ оны 03 дугаар сарын 12-аас 03 дугаар сарын 13-ны шилжих шөнө 02 цагийн орчим “Булган аймаг Рашаант сумын 1-р багийн нутагт байрлах Хаан буузнаас Өвөрхангай аймаг чиглэлд гурван км орчим зайд автомашинууд мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. 

Урьдчилсан байдлаар Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б болон Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т нар Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн улсын чанартай А0301 автозамын 270 дахь км авто замд мөргөлдөж, зам тээврийн ослын улмаас улмаас нэг жолооч, гурван зорчигчийн амь нас хохирч, хоёр тээврийн хэрэгсэл шатсан харамсалтай нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагааг Булган аймгийн цагдаагийн газар явуулж байна" гэлээ.  

Зам тээврийн ослоор нас барсан хүмүүсийн нэг Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн эмч байжээ.

Орон нутгийн замд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангах, орон нутгийн замд шөнө, оройн цагаар зорчихдоо гэрлээ шилжүүлж хэвших зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хариуцлагатай байхыг анхааруулж байна.