ОХУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД АВЛИГЫН ХЭРГЭЭР БАРИВЧЛАГДЖЭЭ
ОХУ-ын батлан хамгаалахын дэд сайд Тимур Ивановыг авлигын хэргээр баривчилснаа тус улсын Мөрдөн Байцаах Хороо өчигдөр буюу Мягмар гарагт Телеграм хуудсаараа мэдээлжээ.
Алексей Навальный агсны Авлигатай Тэмцэх Сан 2022 оны арванхоёрдугаар сард Ивановтой холбоотой авлигын хэргийг эрэн сурвалжилсан үр дүнгээ нийтэд танилцуулж байсан юм. Уг тайланд дэд сайдыг Украины эзлэгдсэн Мариуполь хотын сэргээн босголтын төслөөс авлига авсан тухай мэдээлж байжээ. Харин Оросын Мөрдөн Байцаах Хорооны мэдээлэлд энэ тухай дурдаагүй байна.
Авлигатай Тэмцэх Сангийн тайланд Иванов болон түүний гэргий Светлана нар гадаадад амрах, тансаг орон сууц, завь түрээслэх, үнэт эдлэл, хувцас худалдаж авахад нийтдээ нэг сая евро зарцуулсан тухай баримтуудыг дэлгэж байжээ.
Мөн Ивановын гэргийн хувийн хэрэглээний зардлыг Мариуполийн сэргээн босголтыг хариуцсан компани төлснийг батлан харуулж байсан юм.
Сүүлд Иванов гэргийгээ Европын Холбооны визийн хоригоос чөлөөлөхийн тулд гэр бүлээ салгаж байжээ.
Ивановыг баривчилсан тухай мэдээ цацагдсаны дараа Авлигатай Тэмцэх Сангийн эрэн сурвалжлах багийн тэргүүн Мария Певчих “Өнөөдөр сайхан өдөр байна. Бидний мөрдөж байсан хүн авлигын хэргээр баривчлагджээ. Бид дэд сайд Тимур Ивановын тансаг сайхан амьдралын талаар 2022 оны сүүлээр анх ярьж байлаа” гэж Х хуудсандаа бичсэн байна.
Тус сангийн үйл ажиллагааг ОХУ-д хориглосон байдаг.
Одоо 49 настай Иванов 2016 оны тавдугаар сард ОХУ-ын ерөнхийлөгчийн шийдвэрээр батлан хамгаалахын дэд сайдын албан тушаалд томилогдож байжээ.
Ивановын баривчилгааны талаар ерөнхийлөгч Путинд дуулгаснаа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ярьсныг Оросын хэвлэлүүд мэдээлсэн байна.
Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд дэд сайдыг нь баривчлах гэж байгааг урьдчилан мэдээлсэн байсан тухай Песков бас ярьжээ.
АНУ, Европын Холбоо, Их Британи, Канад улсуудын засгийн газрын хар жагсаалтад байдаг Иванов нь батлан хамгаалах салбарын барилга, бүтээн байгуулалтын төслүүдийг хариуцдаг байсан юм.
Форбс сэтгүүл түүнийг Оросын батлан хамгаалах салбарын хамгийн баян хүмүүсийн нэгээр тодруулж байжээ.
Эх сурвалж: AFP