Н.УЧРАЛ: МОНГОЛ ИРГЭДИЙН ОВОГ НЭР, ГЭРИЙН ХАЯГ ЗЭРЭГ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЦАХИМ "ХАР ЗАХ"-Д 700 ДОЛЛАРААР ЗАРЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛСЭН
КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН КИБЕР ХАЛДЛАГА ЗӨРЧЛИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТҮҮНИЙ ЭСРЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫН ТАЛААР ЦХХХ-НЫ САЙД Н.УЧРАЛ МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ.
Тэрбээр, "2020, 2021 онуудад кибер орчин дахь хар захад монгол иргэдийн мэдээллийг зарах зар байгааг илрүүлж хариу арга хэмжээ авсан байдаг. Тодруулбал 2021 онд 2.3 сая монгол иргэдийн мэдээлэл, овог нэр, гэрийн хаяг зэрэг мэдээллийг 700 доллараар зарж байсан. 2020 онд крипто буюу коиноор дамжуулан мэдээлэл зарж байгаа тохиолдол бүртгэгдсэн. Манай улсад кибер аюулгүй байдлын хууль батлаад хёр жил ч болоогүй байгаа. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд кибер аюулгүй байдлын түвшин бэхжээгүй байсан. Иймд хувь хүний эрүүл мэнд зэрэг бусад мэдээллийг хүний эмзэг мэдээлэлд хамаатуулж тооцсон байдаг. Гэтэл энэ мэдээллүүдийг холбогдох нэр бүхий аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэб хуудсуудаар дамжуулан алдсан тохиолдол гарсан. Үүгээр дамжуулан алдагдсан монгол иргэдийн мэдээллүүдийг хар зах дээр арилжаалж байсан гэсэн үг. Иймд үл үзэгдэгч дээрэмчидтэй бид хэрхэн тэмцэх асуудал тулгарч байна.
Кибер орчинд долоо хоногт 40-50 мянга, өдөрт 4000-5000 халдлага манай улс руу чиглэдэг. Мөн залилангийн гэмт хэрэг нь хувь хүний сонор сэрэмжгүй байдлаас болж янз бүрийн кодоор дамжуулан мэдээлэлд халдсан тохиолдол бүртгэгдсээр байна. Тухайлбал хар захад зарим нэр бүхий банкуудын мэдээлэл алдагдсанаас болоод хувь хүний мэдээллийг зарах тохиолдлууд гарсан тул хууль хяналтын байгууллагууд ажилласан. Үүнтэй холбогдуулан "Бод. Тэгэд товш" аяныг үргэлжлүүлж байна. Түүнчлэн ажлын хэсэг байгуулж иргэдийнхээ хохирлыг барагдуулахаар ажиллаж эхэлж байна" гэлээ.