НЭРТ УРАН БАРИМАЛЧ Н.ЦОГМАГНАЙ АГСНЫ ДУРСГАЛД ЗОРИУЛСАН “ЦОГ ХИЙМОРИЙН ШҮТЭЭН” ҮЗЭСГЭЛЭНГ ДЭЛГЭЛЭЭ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны үзэсгэлэнгийн танхимд нэрт уран барималч Нямхүүгийн Цогмагнай агсны дурсгалд зориулсан “Цог хийморийн шүтээн” хүндэтгэлийн үзэсгэлэнг өнөөдөр (2026.11.27) нээлээ.
Монгол хурдан морь уран барималчийн бүтээлийн гол сэдэв байв. Тэрбээр хурдан морины 80 гаруй баримал бүтээснээс 40 гаруй нь хөшөө дурсгал, цогцолбор болон аймаг, сумдад сүндэрлэж байна. Мөн “Чингис хааны онгон” цогцолборын Их хаадын 37 баримал, төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн хөшөө дурсгалыг бүтээлцэж, хурдан морины медалийн эх загваруудыг урлажээ.
Түүний бүтээлүүд монгол морины сүр хүч, монгол хүний хийморь, омогшил, үндэсний бахархлыг илэрхийлсэн үнэт өв болон үлджээ. Үзэсгэлэн нь Н.Цогмагнай агсны бүтээлүүдийг нэгтгэн олон нийтэд толилуулж, үндэсний уран баримлын уламжлалыг хойч үедээ өвлүүлэхэд ач холбогдолтой.
Үзэсгэлэн арванхоёрдугаар сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ.
