Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯРЫН ОЛОХГҮЙ БАЙГАА 110 САЯ ДОЛЛАРЫН ДАНСЫГ АТГ ОЛООД НАДАД ТАНИЛЦУУЛЖ БАЙСАН
"Бодь"-ийн гэрээг нээлттэй сонсголоор ярилцахыг дэмжиж одоогоор УИХ-ын 87 гишүүн гарын үсэг зурсан талаар өнөөдөр Шадар сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өөрийн пэйж хуудсаар дамжуулан үгээ хэлжээ. "Манай Б.Энхбаярын хайгаад олохгүй гэж будилаад байгаа бэлэн мөнгө гаргасан "Голомт финаншл"-ын дансыг нь 2022.12.18-ны өдөр АТГ олж тогтоогоод, надад танилцуулж байсан юм" гэжээ.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
-Овоо доо. Н.Номтойбаяр зургаан сарын дараа "Бодь"-ийн 110 сая ам.долларын авлигын асуудлыг хянан шалгах Түр хороо байгуулахаар тогтоолын төсөл өргөн барьсан байна. Одоо хамтдаа үйлдлүүдийг нь нүд цавчилгүй ажиглацгаая!
Би сонсголд гэрчээр оролцоно. Харин чи өөр хүнээр сонсголоо хийлгэнэ гэж бултахгүй шүү, Н.Номтойбаяр аа!
Миний бие "Бодь"-ийн 110 сая ам.долларын асуудлыг анх 2026 оны гуравдугаар сарын 23-ны өдөр буюу найман сарын өмнө АТГ-т дөрвөн цагийн туршид гэрчийн мэдүүлэг өгөхдөө ярьсан. Тодруулга авах шаардлагатай нийт 42 хүний нэрсийн хамт гаргаж өгсөн.
Энэ дөрвөн цагийн бичлэгийг прокурорын зөвшөөрөлтэйгээр авч, нотлох баримт болгохыг зөвлөж байна.
"Бодь"-ийн 110 сая ам.долларын авлигын асуудлыг "Бортээг-2" буюу гөлөг төөрүүлэлт болгочихгүйн тулд дараах энгийн гурван зүйл дээр төвлөрч ажиллах шаардлагатай.
1. Гашуун сухайтыг "Бодь Интернэшнл" компанийн гүйцэтгэлээр хийлгүүлэх тухай 2019 оны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 05/05 тоот зөвлөмжийг нууцаас гаргаад, тэрийгээ пост болгоод олон нийтэд түгээчих!
Энэ зөвлөмж дээр хэн гарын үсэг зурсан, нууцалж шууд гэрээ байгуулсан хуулийн заалт зэрэг бүх зүйл маш тодорхой байгаа. Өөр хэрэгтэй, хэрэггүй олон бичиг гаргаж олон нийтийг төөрөгдүүлэх хэрэггүй.
2. 2019 оны 09 сарын 09-ний өдрийн Эрдэнэс тавантолгойн ХК-ийн ТУЗ-ийн хурлын 19-р тогтоолоор "Бодь интершэншл" ХХК-ийн данс руу 110 сая ам.доллар буюу 293 тэрбум 700 сая төгрөг шилжсэн. Энэ мөнгө одоо хаана байна байгаа вэ, бас яг юунд зарцуулагдсан бэ гэдгийг сонсголоор тогтоочих.
Хэрвээ дээрх үнийн дүн бүхий мөнгө төмөр замд зарцуулагдаагүй бол хэн хэн авсныг тогтоогоод улсыг хохиролгүй болгочих. Мөнгө мөртэй…
3. Манай Б.Энхбаярын хайгаад олохгүй гэж будилаад байгаа бэлэн мөнгө гаргасан "Голомт финаншл"-ын дансыг нь 2022 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр АТГ олж тогтоогоод, надад танилцуулж байсан юм.
Энэ өдрөөс хойш улс төрийн том зөрчил үүссэн дээ. Худал хурдан ч үнэнд гүйцэгдэнэ гэжээ.
