МҮОНРТ-ИЙН ИЙН 2021-2023 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН АУДИТЫН ТАЙЛАН

GNNGNN
May 2, 2024  
 0
МҮОНРТ-ИЙН ИЙН 2021-2023 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН АУДИТЫН ТАЙЛАН

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр Үндэсний аудитын газрын Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн 2021-2023 оны үйл ажиллагаанд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонсов.

ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН ДҮГНЭЛТИЙГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ АУДИТОРЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Д.ЗАГДЖАВ ТАНИЛЦУУЛСАН ЮМ. ТЭРБЭЭР:

 

-МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл нь 2021-2023 оны хооронд хэлэлцвэл зохих зарим асуудлыг цаг тухайд нь шийдвэрлээгүйгээс байгууллагын санхүү, төсөв, хүний нөөцийн удирдлагын хүрээнд өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг доголдуулах эрсдэл үүсгэж, зарим тогтоол нь эрх зүйн маргаан дагуулж, засаглалын хувьд тогтворгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

МҮОНРТ-ийн 2019-2023 оны стратегийн төлөвлөгөөний дэвшүүлсэн зорилго, зорилтын хэрэгжилт тодорхойгүй, үр дүнг тайлагнаагүйгээс үнэлж, дүгнэх боломжгүй байна.

Хөтөлбөрийн бодлогыг үндсэн зорилгод нийцүүлэн тэнцвэртэй бэлтгээгүй, шинжлэх ухаан, хүүхэд, танин мэдэхүйн, залууст зориулсан цэнгээнт хөтөлбөрийн эфирийн цагт эзлэх хувь бага, хөтөлбөрийн бодлогод хяналт тавих хэлбэр тодорхойгүй, хэрэгжилт хангалтгүй байна.

МӨН СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛД ЗАР СУРТАЛЧИЛГААГ ХУУЛЬД ЗААСАН ХУВЬ ХЭМЖЭЭНЭЭС ХЭТРҮҮЛЭН ТҮГЭЭСЭН БӨГӨӨД ЗАР СУРТАЛЧИЛГАА БОЛОН ЗАХИАЛГАТ НЭВТРҮҮЛГИЙН ГҮЙЦЭТГЭЛД ТАВИХ ДОТООД ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО БҮРДЭЭГҮЙГЭЭС БАЙГУУЛЛАГАД ТӨВЛӨРӨХ ОРЛОГОД СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ, АЛДАА ЗӨРЧИЛ ҮҮСГЭХ НӨХЦӨЛ БҮРДҮҮЛЖ БАЙНА.

МҮОНРТ-ийн үйлчилгээний хөлсний үнийн шинэчлэлийг хийх талаар өмнөх аудитаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй, улсын төсвийн дэмжлэг буурсан зэргээс алдагдал, өр төлбөрийн хэмжээ өссөн байна.

Телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс, захиалгат нэвтрүүлгийн тарифын шинэчлэл хийгдээгүй байхад эх үүсвэрийн дутагдлыг нөхөх зорилгоор өөрийн орлогыг жил бүр нэмэгдүүлэн төлөвлөж байгаа нь арилжааны телевизүүдтэй өрсөлдөөнд орох, орлого олох үйл ажиллагаанд хэт анхаарал хандуулах сул талыг үүсгэж, улмаар олон нийтийн радио, телевизийн үнэт зүйл, хуулиар хүлээсэн үндсэн зарчим, нийтлэл, нэвтрүүлгийн бодлого алдагдах нөхцөлийг бүрдүүлж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөв 2018 оноос хойш олгоогүйгээс барилга байгууламж, инженерийн дэд бүтцийн засвар ашиглалт, нөхөн сэлбэлт, шинэчлэлтийн ажлуудыг цаг тухай бүр гүйцэтгэх боломжийг алдагдуулж, хэвийн үйл ажиллагаанд доголдол үүсэх эрсдэлийг бий болгож байна.

МҮОНРТ нь газар, зам талбай, барилга, байгууламжийн хүрэлцээ сайтай боловч зарим хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, зөвшөөрөгдсөн түвшинд эдийн засгийн эргэлтэд оруулж, элэгдлийн зардлыг нөхөх, байгууллагын алдагдлыг бууруулж, үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаагүй байна.

Мөн эд хөрөнгийн өмчлөлийн эрх, бүртгэл, тайлагналтай холбоотой материаллаг хэмжээний асуудлыг шийдвэрлээгүй, зарим тэвчиж болох зардлыг бууруулах арга хэмжээ аваагүй, худалдан авах ажиллагааны хэрэгжилт холбогдох хуульд бүрэн нийцэхгүй байна.