МОНТЕНЕГРО ГЭЖ ЯМАР УЛС ВЭ? МОНГОЛЧУУДЫН МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ 8 БАРИМТ

GNNGNN
Sep 8, 2026  
 0
МОНТЕНЕГРО ГЭЖ ЯМАР УЛС ВЭ? МОНГОЛЧУУДЫН МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ 8 БАРИМТ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович манай оронд төрийн айлчлал хийж буй энэ үед Адриатын тэнгисийн эрэгт орших тус улсын талаар сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

1. Жижиг улсын том улс төр

Монтенегро нь парламентын засаглалтай бүгд найрамдах улс. Төрийн тэргүүн нь Ерөнхийлөгч, харин Засгийн газрыг Ерөнхий сайд удирддаг. Тус улсын парламент нэг танхимтай бөгөөд 81 гишүүнээс бүрддэг.

2. Улаанбаатараас ч цөөн хүн амтай улс

Монтенегро улс ердөө 620 мянга орчим хүн амтай. Энэ нь Монгол Улсын нийт хүн амаас бараг зургаа дахин цөөн гэсэн үг. Харин Улаанбаатарын хүн амтай харьцуулахад энэ зөрүү харьцангуй бага: нийслэлд 1.8 сая орчим хүн амьдардаг тул Монтенегрогийн нийт хүн ам Улаанбаатарын хүн амын гуравны нэгтэй дүйцнэ. Ийм цөөн хүн амтай атлаа Монтенегро нь тусгаар улс, өөрийн парламент, Засгийн газар, Ерөнхийлөгчтэй бөгөөд олон улсын тавцанд бие даасан байр суурьтай.

3. Газар нутгийн хэмжээ

Монтенегрогийн газар нутаг ойролцоогоор 13,800 км². Харин Монгол Улс 1.56 сая км² нутаг дэвсгэртэй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын газар нутагт ойролцоогоор 110 гаруй Монтенегро багтахаар хэмжээний зөрүүтэй.

4. Нэг улс, хэд хэдэн хэл

Монтенегрогийн албан ёсны хэл нь Монтенегро хэл. Үүний зэрэгцээ серб, босни, албани, хорват хэлүүд мөн албан ёсны хэрэглээнд байдаг. Монтенегро хэл нь серб, хорват, босни хэлүүдтэй маш ойр тул Балканы орнуудын хэл, соёлын нягт холбоог эндээс харж болно.

5. Еврог хэрэглэдэг ч Европын холбооны гишүүн биш

Монтенегро өдөр тутмын амьдралдаа еврог үндсэн мөнгөн тэмдэгт болгон ашигладаг. Харин сонирхолтой нь тус улс одоогоор Европын холбооны гишүүн биш. Өөрөөр хэлбэл ЕХ-ны гишүүн бус атлаа еврог албан хэрэгцээнд өргөн ашигладаг цөөн орны нэг юм.

6. 2006 онд тусгаар тогтнолоо сэргээсэн

Өнөөгийн Монтенегро улс 2006 онд бүх нийтийн санал асуулгын үр дүнд Серби-Монтенегрогийн холбооноос салж, тусгаар тогтнолоо зарласан. Гэхдээ Монтенегрогийн төрийн түүх үүгээр эхлээгүй. Тус нутаг дэвсгэрт олон зууны турш өөрийн улс төрийн бүтэц оршин байсан бөгөөд 1878 онд Берлиний конгрессоор Монтенегрогийн тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд албан ёсоор хүлээн зөвшөөрч байжээ.

7. Монголчуудын мэдэх нэгэн NBA од энд төрсөн

Монтенегрогийн нэрийг олон улсын спортын ертөнцөд таниулсан хүмүүсийн нэг бол сагсан бөмбөгчин Никола Вучевич юм. Тэрээр Монтенегрод төрсөн бөгөөд NBA-д олон жил тоглож, Chicago Bulls багийн төвийн тоглогчоор олонд танигдсан.Хүн ам нь 1 саяд ч хүрэхгүй Монтенегро улс сагсан бөмбөгийн спортоор Европын хэмжээнд хүчтэй өрсөлдөгчдийн нэг байдаг нь бас сонирхолтой.

8. Европын хамгийн гүн хавцлуудын нэг Монтенегрод бий

Тара голын хавцал нь Европын хамгийн гүн хавцлуудын нэг бөгөөд зарим хэсэгтээ 1,300 метрээс илүү гүн хүрдэг.