2024 ОН ГАРСААР НИЙТ 68 551 АВТОМАШИН ИМПОРТОЛЖЭЭ
Он гарсаар манай улс нийт 6411.1 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн, түүхий эд импортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1387.3 сая ам.доллароор буюу 27.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Импортоор нийлүүлэгдсэн бараа бүтээгдэхүүний 95.9 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.9 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.9 хувийг гадаадын тусламжийн бараа эзэлж байна. Мөн 1.7 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.4 хувийг төлбөрт зориулсан бараа тус тус эзэлж байгаа юм.
Түүнчлэн импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин, техник тоног төхөөрөмж, эд анги, цахилгаан хэрэгсэл, сэлбэг 1323.7 сая ам.доллар буюу 20.6 хувь, эрдэс бүтээгдэхүүн 1418.2 сая ам.доллар буюу 22.1 хувь (нефтийн бүтээгдэхүүн 1253.0 сая ам.доллар буюу 88.4 хувь), мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 664.7 сая ам.доллар буюу 10.4 хувь эзэлж байна. Мөн авто болон агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 1351.0 сая ам.доллар буюу 21.1 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 554.4 сая ам.доллар буюу 8.6 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 338.1 сая ам. доллар буюу 5.3 хувийг тус тус эзэлжээ.
Эхний долоон сарын байдлаар нийт 68 551 суудлын автомашин импортоор авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэсээ 1.8 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Импортын хувь хэмжээ өсөхөд ихэвчлэн тээврийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийн хувь хэмжээ ихээхэн нөлөө үзүүлж байна.