“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ХК-ИЙН ГАЗРЫН ДАРГА Д.БАНЗРАГЧИЙГ ХОЁР ЖИЛ ХОРИХООР БОЛЖЭЭ

GNNGNN
Oct 18, 2024  
 0
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ХК-ИЙН ГАЗРЫН ДАРГА Д.БАНЗРАГЧИЙГ ХОЁР ЖИЛ ХОРИХООР БОЛЖЭЭ

Төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК-ийн Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан Д.Банзрагчид холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 14-нд хэлэлцэн шийдвэрлэлээ.

Д.Банзрагч нь “Зүүнбаян төмөр зам” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. “Монголын төмөр зам” ХК-ийн газрын даргаар томилогдоод удаагүй байхдаа хээл хахуулийн хэрэгт холбогдоод байсан юм. 

Тодруулбал,  БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Дуньрихуй” ХХК-ийн менежер Л.Түвшинбаатараас 37 сая төгрөгийн хахууль авсан хэмээн буруутгагдсан юм. 

“Монголын төмөр зам” ХК-иас зарласан 9.8 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерт өмнөд хөршийн иргэн Ли гэх захиралтай дээрх гадаадын аж ахуйн нэгжийг шалгаруулсан байдаг. Ингэхдээ Д.Банзрагч уг компанид давуу байдал олгохын тулд хамаарал бүхий хүмүүсийнхээ данс, аж ахуйн нэгжийг ашиглан 37 сая төгрөг шилжүүлүүлж улмаар “Тоёота корпорац”-ын албан ёсны борлуулагчдын нэг “Топ моторс” ХХК-иас авсан “Ланд круйзер-300” загварын автомашиныхаа урьдчилгаанд төлсөн гэдэг. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Банзрагчийг их хэмжээний хахууль авсан гэм буруутайд тооцон, нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, хоёр жил хорих ял шийтгэлээ.

Харин түүнд хахууль өгсөн Л.Түвшинбаатарт зургаан сар хорих ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хассан байна.