МОНГОЛ УЛСАД ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛЗҮЙ ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 111 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

GNNGNN
Mar 6, 2024  
 0
МОНГОЛ УЛСАД ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛЗҮЙ ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 111 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 111 жилийн ой өнөөдөр тохиож байна. "Шинэ толь хэмээх бичиг" сонины анхны дугаарыг 1913 оны 3 дугаар сарын 6-нд гаргаж байсан түүхтэй бөгөөд тэртээ 110 жилийн өмнө гадаад Монголын нийслэл Хүрээнд сонин гарч эхэлсэн нь тухайн үеийн соёлын том хувьсгал байв.

 

Монголд анхны хэвлэх үйлдвэрийн шавыг тавьж, Судар бичгийн хүрээлэнг байгуулан, түүх, угсаатны зүйн олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, дэлхийн сонгодог бүтээлүүдийг монгол хэлнээ хөрвүүлэн Монголын соёлын түүхэнд томоохон хувь нэмэр оруулсан Буриадын их номын хүн, соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн Монголын анхны сонин "Шинэ толь хэмээх бичиг"-ийг эрхлэн гаргасан юм.

 

Монголын Сэтгүүлчдийн холбооны 7 дугаар Их хурлаар энэ өдрийг Монголын Үндэсний сэтгүүлзүй үүссэн өдөр болгох санал гаргаж, 2009 оноос хойш жил бүр тэмдэглэж байна. Сэтгүүлзүйд бие сэтгэл, оюун ухаан авьяас билэг, цаг хугацаа, хүч хөдөлмөр бүхнээ зориулж буй Монгол Улсын үе үеийн хэвлэл мэдээллийн салбарынхан, эд эс нь болсон та бүхэнд сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 111 жилийн ойн баярын мэндийг хүргэж, үзгээрээ гоёж, үг үйлдлээрээ бусдыгаа манлайлж зөв үлгэр дуурайлал үзүүлж явахыг хүсье ээ.

 

ҮЗЭГ НЬ ХУРЦ ҮГ НЬ МЭРГЭН БАЙГ ЭЭ.