Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БУСАД НАМЫН ДАРГА НАРТАЙ МЭТГЭЛЦЭХ УРИАЛЫГ ГАРГАСАН МҮОНРТ-ЭЭС БОЛОМЖГҮЙ ГЭДЭГ ХАРИУЛТЫГ ӨГСӨН
Сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөө /2024.06.28/ 07.00 цагт улс орон даяар эхэлсэн. Орой 22.00 цагт санал хураалт хаагдах юм. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 11.40 цагт Саруул хороолол дахь санал авах 116-д байр, Том жаал цэцэрлэгт саналаа өглөө.
Тэрбээр саналаа өгч гарч ирээд " 1992 оны шинэ Үндсэн хуулиас хойш 9 дэхь удаагийн УИХ-ын сонгуулиа өгөх гэж байна. Энэ удаагийн сонгууль хэд, хэдэн онцлогтой. Нэгдүгээрт, 76 гишүүнтэй нутаг дэвсгэрийн нэгжид тулгуурласан төлөөлөлтэй УИХ-ыг түүх болгон жаазлан үлдээж байна. Салбар, салбарын дуу хоолой бүхий 126 гишүүний төлөөлөлтэй анхны парламентыг бүрдүүлж байна.
Энэ ч агуулгаар сонгуулийн ирц урьд, урьдынхаас илүү өндөр байна уу гэж ажиглаж байна. Өмнө нь хилийн чанад дахь монголчууд саналаа өгч төлөөллөө сонгож чаддаггүй байсан. Энэ удаа төлөөллөө сонгож байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл парламентад орж чадалгүй 34 жил явсан. Энэ удаа жагсаалтад нэр дэвшиж орж байна.
Мөн шинжлэх ухаан, хувийн хэвшил, үйлдвэрчний төлөөлөл парламентад жагсаалтаар нэр дэвшиж орж байгаа юм. Салбар, салбарын дуу хоолой болсон парламентыг бүрдүүлэх гэж байгаа учраас нийгэм идэвхжиж ирц өндөр байх шиг байна. Дахин уриалахад, үлдэж буй цагт залуус, ахмадууд бүгд саналаа өгөхийг уриалж байна. Ардчилал бол ард түмэн төлөөллөөрөө эрх барих хугацаанд түр хугацаанд өгч байгаагаараа онцлогтой. Ирц өндөр байх тусам ардчиллын индекс ахиж байдаг учиртай. Бүгдээрээ сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
Хоёрдугаарт, 21 аймаг, нийслэлийн дүүргүүд мөн салбар, салбарын төлөөлөл гээд 30 гаруй уулзалтыг хийлээ. Өдөрт 4-5 уулзалтыг хийсэн. Бүгдээрээ өнгөрсөн 30 жилийг дүгнэж байна. Мөн ардчилал, ардчилсан хувьсгалын талаар үгээ хэлсэн.
С.Зориг агсан "Улс орны эрх ашиг нэгдүгээрт байх ёстой шүү. Дараа нь намын эрх ашиг байна. Чөлөөт нийгэм учраас хувийн эрх ашиг гуравдугаарт байна. Энэ эрх ашгийн эрэмбэ дараалал алдагдвал ардчилалд итгэх итгэл, парламентад итгэл суларч төр, иргэн үл ойлголцоно" гэж ярьж байсан. Харамсалтай нь С.Зориг амиа алдсанаар энэ эрэмбэ дараалал алдагдаж, яг эсрэгээрээ хэсэг хугацаанд явсан.
Хувийн эрх ашгийн төлөө улс төрийн намыг ашигладаг болсон. Нам дамнасан бүлэглэл үүсч стратегийн ордуудыг нь хувьдаа авсан. Төрийн мөнгөөр хувьдаа Эрдэнэтийн 49 хувийг авахаас эхлээд эрх зүйт төрд байж боломгүй олон үйл явдал болсон. Сүхбаатарын талбайгаа дундуур нь хувааж худалдсан, С.Зоригийн хөшөөг ч худалдсан, ногоон байгууламжууд устсан, нийслэлийн сургууль, эмнэлгийн урд талбайг худалдсан. Ардчилсан нийгэмд нийтийн эзэмшил рүү ингэж халдсан тохиолдол байхгүй. Энэ бол хэм хэмжээг зөрчсөн үйлдэл. Энэ удаагийн сонгууль 30 жилийн хугацааны дүгнэлт байгаасай. Төр, иргэний хамтын ажиллагааны шинэ хуудас, урам зоригийн сэргэлт байгаасай.
Хамтдаа хотоо янзлах, бүсчлэн хөгжүүлэх, ногоон байгууламжуудаа сэргээх, илүү шинжлэх ухааныг дээдэлж, инженерүүдээ сонсдог байх зөвхөн улс төрчдөө сонсох биш парламентаа иргэдийн дуу хоолой болгоосой. Энэ удаагийн сонгуулиар гурван бодлогоор намуудтай мэтгэлцэх саналыг гаргасан МҮОНРТ-ээс боломжгүй гэсэн хариуг өгсөн. Бүх намуудад тэгш байх ёстой гэдэг агуулгаар мэтгэлцээн явуулж чадсангүй.
Бүх намууд оролцоно гэхээр мэтгэлцээн биш болчих гээд байсан. Уг нь бол парламентад суудалтай намуудын дарга гадаад бодлого, эдийн засгийн бодлого, улс төрийн бодлогоор мэтгэлцдэг байвал илүү л мэдээллийг иргэдэд өгөх боломжтой. Бусад сонгуулийг бодвол зурагт хуудас багатай, эрээн мяраан сурталчилгаа багатай сонгууль боллоо " гэлээ.