"LORO PIANA"-ГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ФРЕДЕРИК АРНО СҮХБААТАР АЙМАГТ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ХӨТӨЛБӨРИЙНХӨӨ ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

GNNGNN
Aug 24, 2026  
 0
"LORO PIANA"-ГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ФРЕДЕРИК АРНО СҮХБААТАР АЙМАГТ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ХӨТӨЛБӨРИЙНХӨӨ ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Дэлхийн тансаг брэндүүдийг нэгтгэсэн LVMH группийн охин компани "Loro Piana"-гийн гүйцэтгэх захирал Фредерик Арно Монгол Улсад хүрэлцэн ирээд байгаа ба өнөөдөр COP17 хуралд оролцож байна. 

Тодруулбал 40 гаруй жилийн турш Монголын шилдэг чанарын ноолуурыг бэлтгэн нийлүүлж, ноолуурын чанар, үнэ цэнийг дэлхийд таниулахад түүхэн үүрэг гүйцэтгэж ирсэн Италийн тансаг зэрэглэлийн ноолуурын брэнд "Loro Piana" нь 2028 он хүртэл тогтвортой ноос ноолуурын “Resilient Threads” хэмээх таван жилийн хөтөлбөрийг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр өртөмтгий Сүхбаатар аймгийн таван сумын нутагт хэрэгжүүлж байгаа аж. 

Энэхүү хөтөлбөр нь малчдын амьжиргааг дэмжин, бэхжүүлэхийн зэрэгцээ ноолуурын нийлүүлэлтийн сүлжээний тэсвэртэй байдлыг нэмэгдүүлж, дэлхий дээр үлдсэн харьцангуй бүрэн бүтэн өвслөг тал нутгийн экосистемүүдийн нэг болох Монголын Зүүн тал хээрийн бүсийн биологийн олон янз байдлыг хамгаалах зорилготой ажээ. 

Учир нь Loro Piana нь Перу, Монгол, Шинэ Зеланд хүртэл дэлхийн өнцөг булан бүр дэх түүхий эд нийлүүлэгч түншүүдтэйгээ нягт хамтран ажиллаж, орон нутгийн чадавхыг бэхжүүлэх, өндөр чанартай түүхий эдийн нийлүүлэлтийг урт хугацаанд тогтвортой хадгалах зорилгоор урт хугацааны дэмжлэг үзүүлдэг байна.  

Өнөөдөр тус хөтөлбөрийн талууд болох Loro Piana, LVMH, Odyssey Conservation Trust, Sustainable Fibre Alliance болон Монгол Улсын Засгийн газрын төлөөллүүд анх удаа нэг дор цуглаж, Монголын Зүүн тал хээрийн бүсэд хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг танилцуулж байгаа юм байна.  

Хөтөлбөрийн үндэс нь өргөн хүрээний судалгаанд тулгуурласан бөгөөд Монгол Улсын эдийн засаг, уур амьсгал, биологийн олон янз байдал болон нийгмийн тэгш байдлын зорилтуудтай уялдсан аж. Төслийг анхнаас нь Монголын төр, орон нутгийн байгууллагууд болон малчдын хоршоодтой хамтран боловсруулж, тухайн бүс нутгийн нэн тэргүүний хэрэгцээ, хэрэгжүүлэх стратегийг тодорхойлжээ. 

Өнөөдрийн үйл ажиллагаанд төслийн хамтрагчдаас гадна UNCCD, UNESCO, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (WOAH)-ын өндөр түвшний төлөөлөгчид, Монголын төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд болон малчид оролцож "Хүн, мал, байгаль орчны эрүүл мэндийг цогцоор нь хамгаалах “One Health” зарчмыг бодит нөхцөлд хэрэгжүүлэхэд юу шаардлагатай вэ? Үүнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа яагаад чухал вэ?" гэх сэдвийг хэлэлцэж байгаа юм байна.