Л.МӨНХБАЯСГАЛАН: ОЮУТОЛГОЙГООС БИД ЮУ Ч АВЧ ЧАДАХГҮЙ, ГЭРЭЭ НЬ ТЭГЖ ХИЙГДСЭН ЮМ БИЛЭЭ

GNNGNN
May 13, 2025  
 0
Л.МӨНХБАЯСГАЛАН: ОЮУТОЛГОЙГООС БИД ЮУ Ч АВЧ ЧАДАХГҮЙ, ГЭРЭЭ НЬ ТЭГЖ ХИЙГДСЭН ЮМ БИЛЭЭ

"Говийн бүсийн зөвлөл" анхдугаар хуралдаанд УИХ-д тус бүс нутгаас сонгогдсон гишүүд ажиллаж байгаа. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангаас дараах тодруулгыг авлаа. 

-Говийн бүсэд нэн тулгамдсан асуудал нь юу байна вэ?


-Говийн бүсийн асуудлуудыг эрэмбэлэх юм бол “Хэрлэн тооно” усны төслийг нэгдүгээрт эрэмбэлж байна гэж Ерөнхий сайд хэлсэн. Би энэ бүсээс сонгогдсон гишүүний хувьд 14 мега төслийн нэгдүгээрт усны төсөл эрэмбэлэгдэх ёстой. Учир нь Монгол Улсын ДНБ-ийн 6.2-ийг говийн бүс үйлдвэрлэдэг. Говийн бүсэд таван стратегийн орд байдаг. Одоо нэмэгдээд есөн орд орохоор 14 стратегийн орд манай бүсэд байна. Манай бүс аж үйлдвэржилтийн бүс болсон. Хэрэв усны төслийг нэгдүгээрт эрэмбэлвэл манай улс дэлхий дахинд өөрөөр үнэлэгдэнэ. Манай улсаас гардаг шар шороон шуургыг байхгүй болгох стратегийн ач холбогдолтой. Иймээс гаднаас хөрөнгө оруулалт ч мөн нэмэгдэнэ. Энэ усны төсөл 4.5 их наядын үнэтэй төсөл юм. Мөн ӨМА, Цогтцэций сум арван мянган хүн амтай. Улсын төсөвт жилд таван тэрбум долларын орлого оруулдаг. Дэд бүтэц нь сайн, автозамаар холбогдсон. Хажууханд нь онгоцны буудал байгаа. одоо энд юу хэрэгтэй байна вэ гэхээр уур амьсгалын өөрчлөлтөд орсон, газар нутаг нь доройтсон, хүн амьдрах нөхцөлгүй болсон. Цогтцэций сумыг эдийн засгийн чөлөөт бүс болговол хүн амьдрах таатай орчин үүсч, ногоон бүс үүснэ.

-Оюутолгой ордтой холбоотой орон нутагт үлдэж буй хөрөнгө оруулалт юу байна, бүс

-Оюутолгойн гэрээнээс орон нутагт хүлээсэн үүргээ биелүүлдэг. Ханбогдод “Хөгжлийн хурдасгуур” сан байгуулж 50 сая ам.долларыг төвлөрүүлсэн.Гэхдээ үүнийг бид татан авч, Ханбогдыг хот болгох тал дээр, ерөнхий төлөвлөгөө дээр ажиллахгүй бол зүгээр зам зассаар байгаад 50 сая ам.доллар дуусч магадгүй. Өмнөговь аймагт таван сая ам.доллар өгдөг. Энэ бол Өмнөговь аймгийг хөгжихөд түлхэц болдог. Гэхдээ улсын хэмжээнд Оюутолгой ямар өгөөжтэй вэ гэхээр бид юу ч авч чадахгүй юм билээ. Гэрээ нь тийм юм. Бүсийн хэмжээнд бол бусад аймгууд орхигдсон байгаа. Бүсийн хөгжилд ямар хувь нэмэр оруулах вэ гэдгийг бид ярилцах ёстой. Монгол Улсын хэмжээнд ажлын хэсэг байгуулагдсан байгаа.