ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХЯЗГААРЛАЛТ ЦУЦЛАГДАЖ, II УЛИРЛААС ХУУЧИН ЖУРМААР ОЛГОНО

GNNGNN
May 13, 2025  
 0
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХЯЗГААРЛАЛТ ЦУЦЛАГДАЖ, II УЛИРЛААС ХУУЧИН ЖУРМААР ОЛГОНО

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ахмадуудын тэтгэврийн зээлийг хязгаарласан тушаалыг гуравдугаар сарын 07-нд гаргасан.

Уг тушаалд:

1.   Тэтгэвэр, тэтгэмжийн орлоготой иргэдийн амьжиргааны түвшинг хамгаалах хүрээнд банкнаас шинээр олгох болон нөхцлийг нь өөрчлөх тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд зээлийн сарын төлбөрөө төлсний дараах зээлдэгчийн үлдэх орлого нь амьжиргааны доод түвшнээс доошгүй байх хязгаарлалтыг мөрдүүлсүгэй. 

2.   2025 оны гуравдугаар 10-ны өдрөөс өмнө олгосон тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд зээлийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр, зээлийн сарын төлбөрөө төлсний дараах үлдэх орлого нь амьжиргааны доод түвшнээс доошгүй байхаар шаардлагатай тохиолдолд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, үлдэгдэл хугацааг нэг удаа сунгахыг банкуудын Гүйцэтгэх захирал нарт зөвшөөрсүгэй. 

3.   Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мөнгөний бодлогын газар Банкны бүтцийн өөрчлөлт, бодогын газар /Н.Ариунбат/, Хяналт шалгалтын газар /Ц.Нарандалай/-т  тус тус үүрэг болгосугай гэж заасан.

Энгийнээр тайлбарлавал иргэн тэтгэврээ барьцаалж зээл авсан ч сарын төлөлтөөс үлдэх дүнг нь тооцож иргэдийн амьжиргааны наад захын хэрэгцээнд хүрэлцэхүйц байлгах шаардлага тавьсан. Өөрөөр хэлбэл хоёр жилээр тэтгэврээ 100 хувь барьцаалж зээл авсан иргэн хоёр жилийн хугацаанд санхүүгийн хүнд байдалд ордог тул хамгийн ихдээ 70 хувиа барьцаалж зээл авдаг байвал зээлийн төлөлтөөс үлдсэн мөнгөө амьжиргаандаа зарцуулна гэдэг санаа.

Гэсэн ч энэ шийдвэр шүүмжлэл дагуулж, салбарын яаманд иргэд гомдол олны ирүүлжээ. Иймд Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монголбанкны ерөнхийлөгчид хандаж ахмадын тэтгэврийн зээлд тавьсан шалгуурыг зөөллөж өгөхийг хүссэн. Үүний хариуд хоёрдугаар улиралд багтаан тэтгэврийн зээлийн шалгуурыг буцааж өөрчилнө гэж Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван мэдээлэв.

Ингээд харвал тэтгэврийн зээлийн нөхцөл хуучин нөхцөл рүүгээ шилжиж, Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал хүчингүй болох нь.