ОРОСЫН ТАЛТАЙ ЦЭРГИЙН БОЛОВСРОЛ, ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ЯРИЛЦЛАА
Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын орлогч сайд Василий Сергеевич Осьмаковтой уулзаж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиглэлийн талаар санал солилцлоо.
Түүний энэ удаагийн айлчлал Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм.
Айлчлалын хүрээнд 2027–2031 онд цэргийн салбар дахь Монгол, Оросын стратегийн түншлэлийг хөгжүүлэх хөтөлбөрт гарын үсэг зурсан нь хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал алхам болсныг онцлон, уг хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд салбарын сайдын хувьд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Түүнчлэн энэ онд амжилттай зохион байгуулагдсан Халхын голын байлдааны талбар дахь хамтарсан эрэл, хайгуулын экспедиц болон “Сэлэнгэ-2026” хээрийн сургууль, манай Зэвсэгт хүчний цэргийн баг оролцож буй “Центр-2026” стратегийн команд-штабын сургуулийн ач холбогдлыг өндрөөр үнэллээ.
Цаашид хамтарсан сургалт, цэргийн боловсрол, цэрэг-техникийн хамтын ажиллагаа, батлан хамгаалахын аж үйлдвэрлэлийн чиглэлээр харилцаагаа улам өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Монголын офицер, сонсогчдыг ОХУ-ын цэргийн академи, их, дээд сургуулиудад буцалтгүй тусламжаар сургаж ирсэн уламжлалт хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ шинэ мэргэжил, чиглэлээр өргөжүүлэх асуудлыг мөн ярилцав. Энэ удаагийн айлчлал уг хамтын ажиллагаанд шинэ түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байна.

