ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Л.ЦОГЗОЛМАА 100 НАС ХҮРЛЭЭ

GNNGNN
Sep 20, 2024  
 0
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Л.ЦОГЗОЛМАА 100 НАС ХҮРЛЭЭ

Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Зууны манлай сайхан эмэгтэй Лувсанжамцын Цогзолмаагийн мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байна.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын урлагийн ажилтны холбоо, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаагийн үр хүүхдүүд хамтран ойн үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулахаар төлөвлөжээ. Ойн хүрээнд "Л.Цогзолмаа-100" гэрэл зургийн үзэсгэлэн, "Олон гэдэг оломгүй далай" дурсамж номын нээлт өнөөдөр 10.00 цагт Улсын филармонид болно.

Мөн Улсын филармонид 11.00 цагт "Монголын нийгэм, соёл урлаг дахь Л.Цогзолмаагийн амьдрал, уран бүтээлийн замнал" эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ үеэр "Лувсанжамцын Цогзолмаагийн амьдрал, уран бүтээл", "Л.Цогзолмаагийн Монголын дууны урлагт оруулсан хувь нэмэр", "Лувсанжамцын Цогзолмаагийн хөгжимчний үйлс-Уран бүтээлийн замналаас", "Цооцоо-Найруулагч", "Л.Цогзолмаагийн ардын дуу дуулах арга барил", "Л.Цогзолмаа-Үндэсний хөгжимт драм, дуурийн урлаг", "Л.Цогзолмаагийн нэрэмжит Ардын дуу дуулаач мэргэжлийн дуучдын улсын уралдааны ач холбогдол" сэдэвт илтгэлийг урлаг соёлын салбарын эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлэх юм байна.

Дуурь бүжгийн эрдмийн театрт 14.00 цагт Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаагийн түүхийг өгүүлэх баримтат киног толилуулна. Үүний дараа мэргэжлийн урлагийн байгууллагуудын "Л.Цогзолмаа-100" хүндэтгэлийн тоглолт зохион байгуулах аж.