ХҮҮХДИЙН ДЭРГЭД АРХИДАН СОГТУУРВАЛ 300 МЯНГААР ТОРГОНО
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ оны 1 сарын 17-нд батлагдсан бөгөөд хоёр сарын өмнөөс буюу есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлээд буй.
Уг хуульд эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдийн хажууд архи, согтууруулах ундаа хэрэглэх болон хэрэглэсэн үедээ хүүхдийн орчинд нэвтэрч болохгүй гэх утгатай заалтыг шигтгэсэн байдаг.
Тодруулбал, тус хуулийн гуравдугаар бүлэгт дараах заалтыг оруулжээ.
- 22.8.Хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх, эсхүл хэрэглэсэн үедээ хүүхдийн амьдарч, суралцаж байгаа орчин, орон байранд нэвтэрснийг хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсантай адилтгаж үзэж болно хэмээсэн байна.
Бид тус зүйл ангитай холбоотойгоор мөрдөгдөж эхэлсэн хугацаа буюу энэ оны есдүгээр сарын 01-нээс өнөөдрийг хүртэл хэчнээн дуудлага ирсэн талаар ЦЕГ-аас тодруулахад “Энэ оны есдүгээр сарын 01-ны өдрөөс өнөөдрийг хүртэл “хүүхдийн дэргэд архидан согтуурч байна” гэх 10 дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Манай байгууллагын зүгээс тухайн дуудлага бүрд хяналт шалгалтыг хийж, зохих хариуцлагыг хүлээлгэн ажиллаж буй” хэмээсэн юм.
Зөрчлийн хуульд энэ төрлийн хэрэг үйлдвэл “хүнийг гурван зуун нэгжтэй /300 мянган төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасан байна.