ХҮҮДЭЭ БЗС-ААС 32 МЯНГАН АМ.ДОЛЛАР ОЛГОСОН П.ЛХАГВАСҮРЭНД ШҮҮХЭЭС 1.6 ЖИЛИЙН ХИЛИЙН ХОРИГ ТАВЬЖЭЭ

GNNGNN
Nov 6, 2024  
 0
ХҮҮДЭЭ БЗС-ААС 32 МЯНГАН АМ.ДОЛЛАР ОЛГОСОН П.ЛХАГВАСҮРЭНД ШҮҮХЭЭС 1.6 ЖИЛИЙН ХИЛИЙН ХОРИГ ТАВЬЖЭЭ

Боловсролын зээлийн сангийн захирал асан П.Лхагвасүрэн нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн төрсөн хүү Л.Түмэндэлгэртэй гадаад орны дээд боловсролын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээг байгуулсан боловч БШУ-ны сайдын тушаал, гэрээнд заагдаагүй сургуульд суралцуулсан, суралцаж байх хугацаанд барьцааг хүчингүй болгож давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон байдаг.

Тэгвэл тус хэргийн шүүх хурал өнгөрөгч 10 дугаар сарын 03-ны өдөр болсон бөгөөд шүүхээс түүнд "нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, 1.6 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах" ял оноосон байна.

Холбогдсон хэргийг дэлгэрэнгүй тайлбарлавал, П.Лхагвасүрэн нь 2016 онд буюу тухайн санд захирал хийж байх үедээ өөрийн хүү Л.Түмэндэлгэрт 32,000 ам доллар буюу монгол мөнгөөр тооцвол 91.1 сая төгрөгийг олгосон юм. Тус зээлийг олгох үе буюу 2016 оны есдүгээр сарын 07-ны өдөр "The university of Technology Sydney” сургуульд суралцана хэмээн гэрээ байгуулсан ч сайдын тушаал, гэрээнд заагдаагүй сургууль болох “The university of New South Wales” нэртэй сургуульд суралцуулсан байна.

Үүгээр ч зогсохгүй тус зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийг БЗС-аас авсан зээлээ төлөөгүй байхад нь буюу 2018 онд барьцааг нь хүчингүй болгож, түүнд эдийн бус давуу байдлыг бий болгосон нь баримтаар нотлогдсон байдаг.

Охиныгоо зээлд хамруулахын тулд хүүгийнхээ зээлийн барьцаа болох үл хөдлөх хөрөнгийг хүчингүй болгосон

Эндээс тухайн барьцааны үл хөдлөх хөрөнгийг яагаад хүчингүй болгов гэдэг асуулт ургаж байна.

Үүнийг тодруулахад "П.Лхагвасүрэн нь дан ганц хүүдээ зээл олгоод зогсохгүй өөрийн охиндоо ч магистр, докторын хөтөлбөрт суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээгээр 48,000 ам долларыг БЗС-аас олгоод амжиж. Гэтэл тухайн зээлд хамрагдахын тулд барьцаа хөрөнгө шаардлагатай болсон учир хүүгийнхээ зээлийн барьцаа болох үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас хүчингүй болгож охиныхоо зээлийн барьцаанд тавьж орхиж.

Энэ талаар шүүхэд“... Ер нь бол 2 нөхцөл байгаа, эгч нь суралцах болсон, тэнд барьцаа хэрэгтэй болсон. Хоёрдугаар нөхцөл нь энэ хүүхэд сургуулиа төгсөөд эх орондоо ирэх нь, ажиллах нь баталгаатай учраас энэ итгэл үнэмшилдээ тулгуурлаад барьцааг чөлөөлсөн. Эгчийнх нь зээл барьцаалахын тулд чөлөөлсөн" гэх мэдүүлгийг өгсөн байна.

Хохирогч талаас ханшийн зөрүүгээс үүдэн 5,032 долларыг нэхэмжилсэн ч шүүх нэхэмжлэлийг буцаасан

Тэгвэл шүүхэд татагдсан хэрэг болох 32,000 ам доллараа төлсөн эсэх нь анхаарал татна.

Энэ талаар хохирогч тал буюу БЗС-аас "Шүүгдэгч талын зүгээс өмнөх товлогдсон шүүх хурлын өмнө 91,178,880 төгрөгийг 32.000 ам доллар гэж тооцон шилжүүлсэн. Энэ төлбөрийг манай байгууллагын зүгээс бүрэн төлбөр барагдсан гэж үзэхгүй байна. Учир нь ханшийн зөрүүгээс үүдэн 5,032 доллар гарч байгаа. Үүнийг нэхэмжилж байна" хэмээсэн.

Гэтэл тухайн нэхэмжлэлийг шүүхээс "гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг гэмт хэрэг үйлдсэн өдрийн валютын ханшаар тооцон гаргуулах нь зүйтэй" гэж үзэж нэхэмжлэлийг буцаасан байна.