Б.ЭНХБАЯР: САЙД НАРТАА Л ТААЛАГДАХ ТӨСӨВ ХИЙГЭЭД БАЙВАЛ АРД ТҮМЭН ТААЛАХГҮЙ. ӨӨРИЙНХӨӨ ТӨСӨВ ДЭЭР БУУЛТ ХИЙСЭН НЭГ Ч САЙД ГАРЧ ИРСЭНГҮЙ
Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг өчигдөр эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хамгийн чухал эхний хоёр хэлэлцүүлэг болж өнгөрсөн бөгөөд одоо зөвхөн найруулгын асуудлыг хэлэлцэх юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Төсөв дээр хангалттай хэлэлцүүлэг, оролцоо, үндэслэл, тайлбар, хэмнэлт, ойлголцол, уян хатан байдал, ажил хэрэгч байдал илүү төлөөллийн бүтэцтэй парламент дээр явагдаж чадсангүй. Гацсан том төслүүдээ бүгд л хөдөлгөхийг хүсэж байгаа. Бүгд хамтдаа хөгжихийн төлөө байгаа. “Дарга”-ын төсвийг л зохицуулчихвал батлагддаг хуучин аргаар шинэ парламентыг янзлах боломжгүйг Сангийн сайд ойлгож дотооддоо (сайд нартаа) төсвөө боохдоо хатуу хандах байсан. Сайд нартаа л таалагдах төсөв хийгээд байвал ард түмэн таалахгүй шүү дээ.
Өөрийнхөө төсөв дээр буулт хийсэн нэг ч сайд хэлэлцүүлгийн үед гарсангүй. Хамтарсан гэдгээр бүгдийг нь данхайлгаад цаг хугацаа, мэдээллийн зөрүү, кнопны бярд найдаад гарч болно. Нийгмээ, ард түмнээ дийлнэ гэж хэзээ ч байхгүй. Уг нь төсөв парламентын хэлэлцүүлгийн явцад ямар нэгэн байдлаар үзүүлэлтүүд нь сайжирч батлагддаг байсан. Энэ удаад хий ч гарсангүй. Гишүүд таван тэрбумыг хувааж хусах гэж байгаа гэдэг худал ПР хийж парламентаа ч муухай харагдуулав. Яг өргөн барьсанаар нь батал гэдэг дөргүй бух шиг зүтгээд хэн ч ялахгүй. Парламентын намууд төсвөө сайжруулах боломж байсаар л байна" гэх байр суурийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлэв.