ХӨНГӨНИЙ ДАШТ-Д ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛСӨН ТАМИРЧДАД ХОЛБОО НЬ "KOREA" ГЭСЭН БИЧИГТЭЙ ХУВЦАС ӨГЧЭЭ

Японы нийслэл Токио хотноо Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Дэлхийн 198 орны 2202 тамирчин оролцож буй тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн дөрвөн марафонч оролцож байгаа.
Тамирчдын бүрэлдэхүүнд:
- Монгол Улсын гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Од,
- Эрэгтэйчүүдийн марафонд Цэвээнравдангийн Бямбажав,
- Эмэгтэйчүүдийн марафонд Баярцогтын Мөнхзаяа,
- Эмэгтэйчүүдийн марафонд Галбадрахын Хишигсайхан нар багтажээ.
Сонирхолтой нь улсаа төлөөлж буй манай дөрвөн тамирчинд Монголын хөнгөн атлетикийн холбооноос өгсөн хувцас нь “2FIT Korea” гэсэн бичигтэй байсан байна. Тиймд тамирчид ДАШТ-д оролцох хувцас дээр нь өөр улсын нэр байгаад дургүйцлээ илэрхийлсэн ч “цаасаар дараад наачих” гэх хариултыг өгчээ.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний энэ төрөл манайд шинэ биш. Гавьяат тамирчин Б.Сэр-Одын хувьд л гэхэд энэ жил 12 дахь удаагаа оролцож байгаа. Хөнгөний ДАШТ-ий түүхэнд марафон гүйлтээр ийм олон удаа оролцсон гүйгч байдаггүй. Атал тив, дэлхийн тэмцээнд эх орноо төлөөлж буй тамирчдынхаа хувцас хэрэглэлд холбогдох газрууд ийн хайхрамжгүй ханджээ.
Уг нь тэмцээний ач холбогдлынх нь хүрээнд МҮОХ болон холбогдох спортын хороо нь уг асуудалд анхаарах ёстой байдаг билээ.