ХҮЛЭЭЛТ ИХТЭЙ БАЙГАА СЭЛБЭ ДЭД ТӨВИЙН БОРЛУУЛАЛТ ЭНЭ НАМРААС ЭХЭЛНЭ
Анх гадаад зах зээлээс 500 сая ам.долларын бонд босгож, эхлүүлсэн "Сэлбэ 20 минутын хот" төсөл одоо МИК-ийн мэдэлд шилжиж түрээслээд өмчлөх хэлбэр лүү орсон. Гэр хорооллын 10 мянган өрхийг орон сууцжуулах уг төслийн борлуулалт, үнийн саналыг олон хүн хүлээж, анхаарч буй.
Тэгвэл уг төслийн борлуулалтыг энэ намраас эхлүүлэх аж. Тухайлбал, ажил гүйцэтгэгч компаниуд иргэдэд хүртээмжтэй байлгах үүднээс аль болох олон төрлийн үнийн санал гаргаж нийслэлд хүргүүлсэн байна. Улмаар НИТХ-аар хуралдаж үнийн саналыг тогтоох юм.
Уг төсөл нь 9 болон 12 давхар бүрэн цутгамал орон сууц бөгөөд хоёр өрөө байрны зохион байгуулалт нь дунджаар 52.28м2 аж. Харин гурван өрөө байрны дотоод зохион байгуулалт нь дунджаар 76.26м2 юм байна.
"Сэлбэ 20 минутын хот" төслийн ашиглалтад орох албан ёсны төлөвлөгөөгөөр бол эхний ээлжийн орон сууцуудыг ирэх 2027 оны 3-р улиралд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж буй. Тодруулбал, эхний 40 блокийг 2027 оны тавдугаар сарын 31, дараагийн 40 блокийг 2027 оны наймдугаар сарын 31-ний дотор, харин үлдсэн блокийг 2027 оны 10-р сарын 31-ний дотор тус тус ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
