KFC: ТУХАЙН БАЙРШИЛД ЗАМ ХААСАН, ЗАСВАРЛАЖ БАЙСАН ТУЛ ЗӨВШӨӨРӨЛ АВЧ ЗОРЧСОН
Явган хүний зам дээгүүр KFC-ийн хүргэлтийн машин явж байгаа бичлэг нийгмийн сүлжээнд цацагдаж, олны анхаарлыг татаад буй.
Энэ асуудлаар тус компаниас тодруулахад,
"Өнөөдөр өглөө цахим орчинд явган хүний замаар явж буй KFC-ийн хүргэлтийн машины бичлэг тарж хүмүүс нэлээд талцах шиг боллоо. Зарим нь хотын захиргааны гэнэтийн шийдвэрүүд, замуудыг гэнэт хаасантай холбоотой ийм үйлдэл гаргасан гэж байгаа бол зарим нь жолоочийг торго, хариуцлага тооц гэх зэргээр сэтгэгдлээ цахим орчинд илэрхийлж байна.
Тухайн байршилд зам засварын ажил явагдаж байсан. Өөрөөр хэлбэл зам хаалттай, зорчих боломжгүй байсан. Тиймээс тухайн хэсэгт ажиллаж байсан тээврийн цагдаагийн болон зам засварын ажилтнаас зөвшөөрөл авч богино зайд зорчсон.
Мэдээж зам тээврийн дүрэм талаасаа хэрхэвч болохгүй зүйл боловч, хотын удирдлагуудын гэнэтийн шийдвэр нь ч ийм зүйл гарахад нөлөөлсөн гэдгийг ойлгох нь зүйтэй болов уу" гэлээ.