ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙГ “СОДОН” ХОРООЛОЛТОЙ ХОЛБОСОН ЗАМЫГ ИРЭХ САРД НЭЭНЭ
Толгойтын авто замыг Ард аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох 6 эгнээ бүхий 3.9 км авто замын ажил үргэлжилж буй.
Эл ажлыг 2022 онд эхлүүлсэн бөгөөд өнөөг хүртэл 360 гаруй нэгж талбарын газрыг чөлөөлж ажилласан аж. Мөн тус замын бүтээн байгуулалтыг хийхийн тулд цахилгаан, дулааны шугам хоолойг шилжүүлэх, айлуудын газар чөлөөлсөн.
Гэсэн ч авто замын бүтээн байгуулалтын явцад далангийн бэхэлгээний нэмэлт зардал, 280 метр дулааны шугамыг шилжүүлэх, худаг нүүлгээд байна. Тус авто замын хөдөлгөөнийг ирэх 11 дүгээр сард багтаан хучилтын ажлыг гүйцэтгэж, хөдөлгөөнийг нээхээр төлөвлөжээ.
Энэ зам ашиглалтад орсноор нэгдүгээр хорооллын урд талын болон 21 дүгээр хороолол руу чиглэсэн замын ачаалал эрс багасах боломжтой гэж тооцоолж буй аж.
31 метр урт гүүр, 4 нүхэн гарцтай тус замын гүйцэтгэгчээр “Монгол зам групп” ХХК, “Ганбүрд” ХХК ажиллаж буй юм байна.