ИРЭХ ОНД НИЙСЛЭЛИЙН ГОЛ ГУДАМЖНУУДЫН ЯВГАН ЗАМЫГ ХАМГИЙН БАГАДАА ХОЁР МЕТРИЙН ӨРГӨНТЭЙ БОЛГОНО ГЭВ
Ирэх онд нийслэлийн явган замуудыг өргөтгөхөөр болжээ.
Энэ талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ. Ингэхдээ хөдөлгөөний аюулгүй байдал, холболт, өргөн, гадаргуугийн барзгар зэрэг үндсэн дөрвөн шаардлагыг тавина.
Иж бүрэн гудамжны төлөвлөлтийн хүрээнд авто зам, ногоон байгууламж, явган зам, барилга гэсэн дарааллыг баримтлах юм. Мөн зам хариуцагчийн тогтолцоог бий болгохоор төлөвлөж байна. Энэ нь явган зам эвдэрсэн тохиолдолд тухай бүрд нь шуурхай засварлах боломжийг бүрдүүлнэ.
Түүнчлэн ажлын талбайн нарийвчилсан зохион байгуулалтын төлөвлөгөөг гаргаж явган зам хийж байгаа талбайг гүйцэтгэгч аж ахуйн нэгж авах юм. Ингэхдээ тухайн талбайг хаах тохиолдолд хөдөлгөөн зохион байгуулалтыг зайлшгүй хийж, явган зорчигчийн саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байх гэдэг шаардлагыг тавина” гэж мэдээллээ.
Өмнө нь Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэмд явган замын өргөн хамгийн багадаа нэг метр байна гэж заасан нь хоёр ба түүнээс дээш хүн зэрэг зорчиход хүндрэлтэй байв.
Харин цаашид явган замыг хамгийн багадаа хоёр метр өргөнтэй болгох юм байна. Явган замыг илүү өргөн болгож, зорчиход таатай болгосноор аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлэх үйлчлүүлэгчид олширч, орлого нэмэгддэг аж.