ИНДОНЕЗИЙН ШИНЭ НИЙСЛЭЛ ХОТЫН АЖИЛ 80 ХУВЬТАЙ БАЙНА
Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо лхагва гарагт тус улсын амбицтай шинэ нийслэлийн эхний шатны ажил 80 хувьтай явагдаж байгаа талаар мэдээлжээ. Тэрбээр “Бүтээн байгуулалт бараг дуусаж, ирэх сард цэвэр устай болчихвол тэнд ажлын байртай болно” гэжээ.
Видодо Нусантара хотод айлчлах үеэрээ сэтгүүлчдэд хэлэхдээ, наймдугаар сард Бүгд Найрамдах Улсын Тусгаар тогтнолын 79 жилийн ойн баярын үеэр шинэ нийслэл албан ёсоор нээлтээ хийнэ гэжээ. Шинэ хотын барилгын ажил 2022 оны дундуур эхэлсэн. Жакарта хот бохирдол, түгжрэлд нэрвэгдэж, газар хөдлөлтөд өртөмтгий, живж эхэлсэн билээ.
Шинэ нийслэл нь Нью-Йорк хотоос хоёр дахин том бөгөөд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, хог хаягдлын ухаалаг менежментийг ашигласан, ой мод, цэцэрлэгт хүрээлэн бүхий ногоон хот болно гэж албаны хүмүүс онцолж байгаа юм. Видодо Нусантарагийн нисэх онгоцны буудлыг наймдугаар сарын эхээр барьж дуусгахаар төлөвлөж байна гэдгийг мөн мэдээлсэн байна. Шинэ хотыг 2019 онд барихаа зарлаж байв.