АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЖО БАЙДЕНЫ ХҮҮ ГАЛТ ЗЭВСЭГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШСЭН ХЭРГЭЭР ШҮҮХЭЭС ЯЛ СОНСЛОО
Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байден галт зэвсэг худалдаж авахдаа мансууруулах бодис хэрэглэдгээ нуусан шалтгаанаар шүүхээс ял сонслоо.
Ингэснээр тэр бүх цаг үеийн АНУ-ын ерөнхийлөгч нарын хүүхдүүдээс гэмт хэрэгт яллагдсан анхны хүн болж байна.
Ерөнхийлөгчийн төрөлх Делавар мужийн Уилмингтон хотын шүүхийн 12 шүүгч 54 настай Хантер Байденыг гэмт хэргийн гурван зүйл ангиар буруутгажээ.
Шүүх хуралд тэргүүн хатагтай Жилл Байден болон Хантер Байдены эхнэр Мелисса нар оролцсон байна.
Хантер Байден бас Калифорни мужид татварын асуудлаар шалгагдаж байгаа юм.
Тэрбээр согтууруулах ундаа болон мансууруулах бодисоос хамааралтай байх үедээ галт зэвсэг худалдаж авсан нь хууль зөрчжээ.
Хуулиар ийм хамааралтай хүнд галт зэвсэг худалдахыг хориглодог юм.
Хантер Байден 2018 онд “Colt Cobra” хийцийн гар буу худалдаж авахдаа бүрдүүлдэг баримт бичигт мансууруулах бодисын хамаарлаа нууцлан худал мэдүүлж байжээ.
Өчигдөр шүүхээс Хантерт ял оноох шүүх хурлын товыг зарлаагүй байна. Хуулийн дагуу эцсийн шүүх хурлыг яллах дүгнэлт гарснаас хойш 120 хоногийн дотор товлодог ажээ.
Хантерын өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгдсэн байна.
Харин ерөнхийлөгч Жо Байден шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, шүүхийн цаашдын үйл явцад хүндэтгэлтэй хандахаа мэдэгджээ.
Шүүх хурал дууссанаас хойш хэдхэн цагийн дараа Хантер эхнэр, хүүгийн хамт Нью Кэстл дэх Делаварын Үндэсний Гвардын агаарын баазад нисдэг тэрэгтэй газардсан Жо Байденыг тосож уулзсан байна.
Ерөнхийлөгч энэ үеэр хүүгээ тэвэрч, бэр, ач хүүгээ үнсэж буй нь хэвлэлүүдийн дуранд өртжээ.
Галт зэвсгийн ийм хэрэгт шүүх ихэнхдээ 15-21 сарын хорих ял оноодог ба яллагдагч урьдчилан суллах нөхцөлийг дагаж мөрдвөл хорихгүй өнгөрөх ч боломжтой гэж хуульчид үзэж байна.
Хантерын хэрэг энэ оны арваннэгдүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд тодорхой хэмжээгээр нөлөөлөх магадлалтай.
Жо Байдентай өрсөлдөх Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Дональд Трамп тавдугаар сарын 30-нд мөн шүүхээс ял сонссон юм.
Тэрбээр АНУ-ын түүхэнд гэмт хэрэг үйлдсэн анхны ерөнхийлөгч асан болоод байгаа.
Хантер Байден үүнээс гадна Калифорни мужид 2016-2019 оны хооронд $1.4 саяын татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт шалгагдаж байгаа юм.
Энэ хэргийн шүүх хурал есдүгээр сарын 5-нд Лос-Анжелес хотод товлогджээ.
Эх сурвалж: Reuters