ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ

GNNGNN
Mar 15, 2024  
 0
ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ

ОХУ-ын бүс нутгуудад ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ. Энэ удаагийн сонгууль гурван өдөр буюу гуравдугаар сарын 15-17-ны хооронд үргэлжлэх юм. Түүнчлэн цахимаар санал хураалт явуулахаас гадна, Донбасс, "Шинэ Оросын" оршин суугчид анх удаа ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх гэж байна.

Тус улсад цахимаар санал авах механизмыг ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа ашиглаж байгаа ба 29 бүс нутагт явуулна. Цахим санал хураалтад оролцох баримт бичгийг нэгдүгээр сарын 29-нд хүлээн авч эхэлж, гуравдугаар сарын 11-нд дуусжээ. СЕХ-ны дарга Элла Памфиловагийн мэдээлснээр, 4 сая 787 мянга орчим сонгогч сонгуульд цахимаар оролцох хүсэлт илгээжээ. Цахим санал хураалтын дүнг хоёр үе шаттайгаар гаргана.

ОХУ-ын ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд 2008 оноос хойш анх удаа дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж байна. Тодруулбал, ЛДПР намын дарга Леонид Слуцкий, Төрийн Думын дэд дарга, “Шинэ ард түмэн” намын гишүүн Владислав Даванков, Төрийн Думын депутат (Коммунист намын фракц) Николай Харитонов, тус улсын одоогийн ерөнхийлөгч, бие даан нэр дэвшиж байгаа Владимир Путин нар юм. 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд найман нэр дэвшигч өрсөлдөж байжээ.