ИДЭШНИЙ ҮХЭР 1.1-2.2 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

Өвлийн эхэн сар гарч хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд хот, суурин газрынхан өвлийн идшээ базаахаар зэхэж эхэлсэн байна. Худалдан авагчдын зүгээс "Улаанбаатар хотод буй зах худалдааны төвөөс авахад үнэтэй байдаг, орон нутгаас шууд захиад авах нь хямд тусдаг" хэмээж байв.
Харин малчид махаа хот руу оруулж борлуулбал ченжийн гар дамжихгүй, бодит үнэлэгдэж байна хэмээн хотод махны худалдаагаа эрхэлж байна. Тэд идэшний мах сураглаж буй хүмүүс дийлэнхдээ бага насны үхрийн мах авч байгаа талаар ярьж байсан юм.
Иймд дараах таван аймгаас Улаанбаатар хот руу махны борлуулалт хийж буй худалдаа эрхлэгч нартай холбогдож үнийн мэдээллийг тодрууллаа.
Төв аймгийн Жаргалант сумаас ирж мах худалдаалж буй иргэн Б.Баасанхүү
"Арваад үхрийн махтай ирээд тав хоноод л дуусчихлаа. Мах сураглан ирж буй хүмүүс дийлэнхдээ бага үхрийн мах сураглаж байна. Миний хувьд шүдлэн, хязаалан үхрийн 1кг махыг 11 мянган төгрөгөөр борлуулж буй. Ингэхээр нэг үхэр ойролцоогоор 150-200 кг жин татна гэвэл 1.6-2.2 сая төгрөгийн үнэтэй гэсэн үг" хэмээв.
Сэлэнгэ аймгаас ирж мах худалдаалж буй иргэн О.Хангал
"Надад төхөөрсөн мах байхгүй. Амьдаараа буй. Таван үхэртэй ирээд одоо хоёр нь үлдээд байна. Идэшээ бэлдэж буй иргэдийн ихэнх нь төхөөрсөн мал хайж байна. Уг нь амьд мал үзэж хараад авахад найдвартай, ямар малын мах идэх гэж байгаагаа мэдээд авна шүү дээ. Одоо байгаа шүдлэн насны хоёр үхрээ 1.5 саяд зарах санаатай л зогсож байна даа" гэв.
Дорнод аймгаас ирж мах худалдаалж буй иргэн Л.Гантөмөр
"Нийслэлд малын мах бүтнээр нь авах хүн ховор санагдлаа. Иймд авч ирсэн дөрвөн үхрийнхээ махыг хаа, гуяар нь салгаад худалдаалж байна. Малчид бид чинь сайн малаа хүмүүст худалдаалаад тааруу малаа өөрсдөө гаргаж авдаг. Иймд тарга хүч сайтай шүдлэн, хязаалан үхрийн махтай ирсэн. Нэг кг-ийн үнэ 12 мянган төгрөг" хэмээв.
Увс аймгаас ирж мах худалдаалж буй иргэн Ч.Нямаа
"Би Увс аймгийн Тэс сумаас хоёр дахь жилдээ хотод мах борлуулахаар ирж байна. Хөдөө орон нутагтаа худалдаалах гэхэд ченжүүд хямд үнээр аваад нааш авчирч өндөр үнээр зарж байгаа санагддаг. Иймд авч, өгч байгаа хэн хэндээ хэрэгтэй санагдаад өөрөө ирж худалдаалж байна.
Одоогоор надад шүдлэнгээс дээш насны 10 үхэр байна. Үнийн хувьд 1.1-1.8 сая төгрөгийн хооронд байгаа юм" хэмээсэн юм.
Архангай аймгаас ирж мах худалдаалж буй иргэн
"Гурван үхэр, хоёр адууны махтай ирээд дуусаж байна. Дахиад хэдэн үхэр авч ирэх талаар бодоод л зогсож байна. Миний хувьд малаа төхөөрөөгүй, амьдаар зарж байна. Одоогоор шүдлэн насны хоёр үхэр байна. Үнийн хувьд 1.5 сая" гэв.
Харин ҮСХ-ны хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Улаанбаатар хотын зах худалдааны төвүүдэд махны дундаж үнэ,
- Хонины ястай мах-14
- Хонины цул мах-14.9
- Үхрийн ястай мах-17.7
- Үхрийн цул мах-20.4
- Адууны ястай мах-11.9
- Ямааны ястай мах-10.6 төгрөгийн үнэтэй байгаа юм.