ЕРӨӨ-ОРХОН ӨРТӨӨНИЙ ХААЛТТАЙ ГАРАМ ДЭЭР НОЦТОЙ ОСОЛ ГАРЧЭЭ
Сүүлийн жилд галт тэрэгтэй мөргөлдсөн осол ихээр гарч байгаа.5-р сарын 22нд 06:27 минутын орчим төмөр замын Ерөө-Орхон өртөөний хаалттай гарам дээр том оврын автомашин ачааны галт тэрэгтэй мөргөлдсөний улмаас 6 галт тэрэг замаас гарч онхолдсон, төмөр зам эвдэрсэн ноцтой осол гарчээ.
Тодруудбал: Тээврийн хяналтын дарга н.Цогт хэлэхдээ " Ерөө өртөөнөөс Улаанбаатарыг чиглэсэн ачааны галт тэрэгний урдуур шороо ачсан хүнд даацын автомашин замын хөдөлгөөний дүрэм зөрчиж улаан гэрэл ассан байхад урдуур дайрч, хөдлөх бүрэлдэхүүн замаас гарсан ноцтой осол боллоо. Галт тэрэг 31 вагонтой аялж явсан. Зургаан вагонтой зүтгүүр замаас гарсан. Хово машины жолооч болон туслах машинч, зааварлагч машинч нарын биеийн байдал тогтвортой байна" гэв.
Ослын улмаас Сүхбаатар өртөөнөөс ирж очих галт тэрэгний хөдөлгөөн хаагдсан, зорчигчдын тасалбарыг буцаах зэрэг зохицуулалтыг хийж байна. Мөн УБТЗ-ын Удирдах газраас сэргээн босгох яаралтай баг илгээсэн. Хохирлыг богино хугацаанд арилгаж, хөдөлгөөнийг шуурхай нээхээр ажиллаж байна.
Зөвхөн 2024 он гарсаар жолооч нар галт тэрэгний урдуур орсны улмаас галт тэрэг автомашинтай мөргөлдсөн 7 ослын тохиолдол бүртгэгдээд байна.