ЕБС-ИЙН ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ МАНААЧТАЙГАА БҮЛЭГЛЭН ЭЗЭМШЛИЙНХ НЬ ДАНСААР ЗААЛ, ЗОГСООЛЫН ТӨЛБӨР ₮121.5 САЯЫГ АВЧЭЭ

GNNGNN
Aug 5, 2026  
 0
ЕБС-ИЙН ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ МАНААЧТАЙГАА БҮЛЭГЛЭН ЭЗЭМШЛИЙНХ НЬ ДАНСААР ЗААЛ, ЗОГСООЛЫН ТӨЛБӨР ₮121.5 САЯЫГ АВЧЭЭ

Прокурорын байгууллага долоодугаар сарын 27-31-нийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 29,444 эрүүгийн хэрэгт хяналт тавьсан байна.

Дээрх хугацаанд 853 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл шинээр бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 676 хэрэг шинээр нээж, 51 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн авлигын хэргээс тоймлон хүргэвэл:

Ц.Б нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн ерөнхий боловсролын дугаар сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа сургуулийн манаач А.Г-тэй бүлэглэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2020 оны есдүгээр сараас 2022 оны аравдугаар сар хүртэл хугацаанд А.Г-н эзэмшлийн дансаар заал болон зогсоолын төлбөр 121.5 сая төгрөг авснаас 600 мянган төгрөгийг өөртөө бэлнээр авч, А.Г-д 120.9 сая төгрөгийг захиран зарцуулах давуу байдал бий болгосон,

Ц.Б, С.Д нар бүлэглэж 2020 оны есдүгээр сараас 2022 оны аравдугаар сар хүртэл хугацаанд С.Д-ийн дансаар заалны түрээс болох 1.9 сая төгрөгийг авч, захиран зарцуулах давуу байдал бий болгосон,

Мөн Ц.Б-ийн банкны дансаар 240 мянган төгрөгийг шилжүүлэн авч, өөртөө эдийн давуу байдал бий болгож, Нийслэлийн ерөнхий боловсролын дугаар сургуульд их хэмжээний буюу 123.1 сая төгрөгийн хохирол учруулсан,

Ц.Б нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2022 оны  Б/110 дугаартай тушаалаар Д.Н-ийг ажилд томилж, 2022 оны арваннэгдүгээр сараас 2023 оны есдүгээр сар хүртэл хугацаанд 15.2 сая төгрөгийн цалин олгосон,

Мөн 2023 оны нэгдүгээр сараас зургаадугаар сарын хооронд ажлыг хавсран гүйцэтгэгч гэх нэр бүхий багш, ажилтан нарт “мэдээллийн технологийн ажилтны” цалингийн хувь буюу нийт 790.3 сая төгрөгийн цалинг тус тус олгон, Нийслэлийн ерөнхий боловсролын дугаар сургуульд 143.6 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ

Эх сурвалж:  Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)