ЕБС-ИЙН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЗАРДАЛД 3.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

GNNGNN
Jul 25, 2024  
 0
ЕБС-ИЙН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЗАРДАЛД 3.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Монгол Улс 2022 оноос боловсролын салбарыг гүйцэтгэл, үр дүнгийн санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлсэн. Үүний дагуу Боловсролын ерөнхий газар төрийн өмчийн ерөнхий боловсролын 681 сургууль, 987 цэцэрлэг, насан туршийн суралцахуйн 29 төв, мэргэжлийн боловсролын сургалтын 31  байгууллагын үйл ажиллагааны урсгал зардлын санхүүжилтийг сар бүрийн 10-ны дотор олгож байна. Хувийн өмчийн ерөнхий боловсролын 177 сургууль, 398 цэцэрлэг, мэргэжлийн боловсролын сургалтын 32 байгууллагын хувьсах зардлын санхүүжилтийг сар бүрийн 25-ны дотор олгодог юм байна.

Хичээлийн шинэ жилийн санхүү, төсвийн өнөөгийн нөхцөл байдлын мэдээллийг Боловсролын ерөнхий газраас танилцууллаа. Үүнд:

Багш, ажиллагсдын эрүүл мэндийг дэмжих зардлыг энэ оны 5 дугаар сард бүрэн санхүүжүүлжээ. Ерөнхий боловсролын бүх сургуульд 3.7 тэрбум төгрөг, цэцэрлэгүүдэд 1.9 тэрбум төгрөг зарцуулж байна.

Хичээл, сургалтад ашиглах практикийн зардлын 50 хувийг энэ оны эхний хагас жилд зарцуулахаар санхүүжүүлсэн бол үлдсэн 50 хувийг хичээлийн шинэ жилийн өмнө буюу 8 дугаар сард санхүүжүүлнэ. Энэхүү зардалд энэ онд сургуулиудад 14.9 тэрбум төгрөг, цэцэрлэгүүдэд 8.4 тэрбум төгрөг зарцуулж байна.

Цэцэрлэгийн багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх зардлыг энэ оны 4 дүгээр сард бүрэн санхүүжүүлсэн бол сургуулийн багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх зардлын 40 хувийг 4 дүгээр сард, үлдэх 60 хувийг 9 дүгээр сард санхүүжүүлнэ. Энэхүү зардалд зориулан, сургуулиулад 11.2 тэрбум, цэцэрлэгүүдэд 1.9 тэрбум төгрөг зарцуулна.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн мэдээлэл, технологийн зардлыг сар бүр санхүүжилтийн хуваарийн дагуу санхүүжүүлдэг. Үүнд энэ онд нийт сургуулиудад 27.3 тэрбум, цэцэрлэгүүдэд 1.3 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Ерөнхий боловсролын сургуулиудын тоног төхөөрөмжийн нөхөн хангалтын зардалд энэ онд 35.3 тэрбум төгрөг, нийт цэцэрлэгийн нөхөн хангалтын зардалд 4.5 тэрбум төгрөг зарцуулахаар батлагдсан аж. Хуваарийн дагуу 5, 6 дугаар сард уг санхүүжилтийг бүрэн олгожээ.

Ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд хамгааллын зардалд 3.7 тэрбум төгрөг, анги танхимаас гадуурх сургалтын зардалд 2.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөгдсөн байна. Үүнийг хуваарийн дагуу санхүүжүүлж байна.