БАГА ХУРЛЫН ГИШҮҮД ЕРӨНХИЙ САЙДАД Г.ЗАНДАНШАТАРЫГ НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ ДЭМЖЛЭЭ

GNNGNN
Jun 9, 2025  
 0
БАГА ХУРЛЫН ГИШҮҮД ЕРӨНХИЙ САЙДАД Г.ЗАНДАНШАТАРЫГ НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ ДЭМЖЛЭЭ

Бага хурлын гишүүд Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлэхийг дэмжлээ

МАН-ын Бага хурлын гишүүдийн олонхи нь Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлэхийг дэмжжээ. Бага хурал нь 330 гаруй гишүүнтэй бөгөөд 60 гаруй хувийн ирцтэйгээр хурал эхэлсэн байдаг. 

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад нэр нь дэвшсэн Г.Занданшатар нь эдийн засагч мэргэжилтэй бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажилладаг. УИХ-д таван удаа сонгогдож байсан, УИХ-ын даргаар хоёр удаа ажилласан. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг гардаж хийсэн хүний нэг. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй өнгөрсөн хугацаанд хамгийн ойр ажиллаж ирсэн улстөрч гэж тодорхойлж болно.

Засгийн газрын танхимд ч ажиллаж байсан туршлага бий. Тухайлбал, Гадаад харилцааны сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга зэрэг албыг хашиж байсны зэрэгцээ Хүнс хөдөө аж ахуйн дэд сайдын алба хашиж байсан юм. 

Хуулиараа Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг УИХ-ын даргад өргөн мэдүүлнэ. Улмаар Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэн, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, баталснаар Ерөнхий сайд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ. Хуульд зааснаар Ерөнхий сайд нь танхимаа байгуулна. Ирэх долдугаар сарын 3-н гэхэд Засгийн газар байгуулагдсан байх ёстой. Гол нь энэ удаагийн Засгийн газрыг МАН дангаараа байгуулах уу, УИХ-д суудалтай намуудтай эвсэж байгуулах уу гэдэг бас нэг асуудал гарна. Үүнийг мөн л МАН Бага хурлаараа хэлэлцэн шийдвэрлэнэ. Энэ удаагийн Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулан, УИХ-д нэрийг нь өргөн мэдүүлэхээр болж байна.