Д.ӨЛЗИЙ-ОРШИХ ҮҮСГЭСЭН МАРГААНАА ТОГЛОЛТЫНХОО МАРКЕТИНГ БОЛГОЖ, ЭЦЭСЛЭВ
Гитарчин, ая зохиогч Өөжгий буюу Д.Өлзий-Орших "Номин талст" хамтлагт зохиож өгсөн бүх дууг Т.Дэлгэрмөрөн, А.Хаянхярваа нарыг дуулахыг хориглож байгаагаа цахим хуудастаа мэдэгдэж олны анхаарлыг татаж байв.
Энэ асуудал тус салбарт хөндөгдөх ёстой чухал асуудлын нэг байсан. Тиймдээ ч цахим орчинд олны анхааралд өртөж, хэлэлцүүлгийн түвшинд хүрсэн. Учир нь аль ч салбарт оюуны өмч, зохиогчийн эрхийн асуудал маргаан дагуулж хариуцлага тооцох байдал хуулийн хүрээнд учир дутагдалтай, мөрдөгддөггүй сул талтай гэж хэлж болно.
Тэгвэл гитарчин, ая зохиогч Өөжгий олны анхаарлыг татсан дээрх маргаанаа эцэслэж буйгаа илэрхийлээд, дуугаа дуулуулахыг хориглоод байсан дуучдадаа өөрийнх нь дууг хаана ч дуулж болох зөвшөөрөл олгов. Ингэхдээ олон улсын эмэгтэйчүүдийн баяраар болох тоглолтоо хамтатган сурталчлав. Нийгмийн сүлжээнд түүний энэ үйлдийг анхнаасаа тоглолтын маркетинг байж гэх зэргээр шүүмжилж байна.