Д.ЦОГТБААТАР: НАМАЙГ ХОРИГДОЖ БАЙХАД ЭХНЭРИЙГ МААНЬ ЭРГЭЖ ИРЭХ БҮРД НЬ МАШИНЫ ДУГУЙГ НЬ ХАГАЛДАГ БАЙСАН

GNNGNN
May 2, 2024  
 0
Д.ЦОГТБААТАР: НАМАЙГ ХОРИГДОЖ БАЙХАД ЭХНЭРИЙГ МААНЬ ЭРГЭЖ ИРЭХ БҮРД НЬ МАШИНЫ ДУГУЙГ НЬ ХАГАЛДАГ БАЙСАН

ТЕГ-ын Сөрөг тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатар УЕТГ-ын Газрын даргаар томилогдсон. Тэрбээр өмнө нь улсын нууц задруулсан хэргээр шүүхээс ял авч байсан юм.

“TV9” телевизийн “Ярилцъя” нэвтрүүлгээр ТЕГ-ын Сөрөг тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатар оролцож, ноцтой зүйл ярилаа.

Онцлох эшлэл

-2012 оны сүүлээр БНСУ-ын Солонгосын иргэн Ү Тэ Гуан бие төлөөлөгчөөрөө дамжуулан 19 хуудас өргөдөл, плаш дискийн хамт өгсөн. Тухайн өргөдөлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга П.Цагаан, Гадаад хэргийн сайд байсан Пүрэвсүрэн нар Солонгост сууж байсан элчин сайд Жагрийн Сүхээ гэдэг хүнээр дамжуулан 3.7 сая ам.долларыг залилан авсан. Үүнийг 1 сая ам.долларыг нь улстөрийн сонгуульд ашиглана гэж нэхсэн.

-Хуулийн байгууллагуудад олон удаа хандсан ч ямар ч үр дүнд хүрээгүй тул сөрөх тагнуул болох надад хандсан. Хуулиараа харъяаллын дагуу АТГ-т шилжүүлэх л үүрэгтэй байсан. Тухайн үеийн АТГ-ын дэд дарга Б.Хурцад шилжүүлсэн. Гэвч шалгах нь битгий хэл хаанаас гараад ирэв гэж сураглаж, 19 хуудсыг төрийн нууц гэж үзсэн. Улмаар нууц материал задруулсан гэж надад 5 жилийн ял оноосон.

-Солонгосын иргэн Ү Тэ Гуан нь утааны эсрэг сайн санааны ажлаар, тодорхой бизнес хийх агуулгаар Монгол Улсад орж ирж байсан бололтой.

Хохирогч Ү Тэ Гуан: Ж.Сүхээ, П.Цагаан нар манай Солонгос дахь оффист ирсэн. Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх гэдэг статустай П.Цагаан гэдэг хүн манай оффист ирнэ гэдэг гайхмаар том зүйл байсан. Ирээд “10 сая ам.долларын алтны уурхайн лиценз өгье. Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа тул 1 сая ам.долларыг улстөрийн дэмжлэг болгог өгөөч гэсэн. Ард түмэнд нь буцалтгүй тусламж болгож 1 сая ам.долларыг өгчхөөд байхад дахиад 1 сая ам.доллар нэхэхэд гайхсан” хэмээн ярьжээ.

-Уул уурхайн яаман дээр Солонгосын талынхныг уул уурхайн лиценз өгнө хэмээн танилцуулсан байсан. Тухайн уурхайг Эрдэнэбилэг гэх хүнийх гэж танилцуулсан. Ингээд Ү Тэ Гуан монгол талаас Жагрийн Сүхээд 3.7 сая ам.доллараа өгсөн байна. Геологийн хайгуулын өрөм тавиад үзтэл нэг ч грамм алт байхгүй байсан.

-Б.Хурцад очсон Солонгосын иргэний өргөдлийг мэдсэн хүн бүрийг мөрдөн мөшгиж эхэлсэн. Эхлээд надад эрүүгийн хэрэг үүсгэсэн. “Тагнуулын нууц мэдээллийг авч ирээд бидэнд өгөөд задруулчихлаа” гэсэн.

-Б.Хурц бид 2 хувийн эс хонзонтой. 2005 онд бид ТЕГ-т хамт ажиллаж байсан. Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болоод Билэгтийг ТЕГ-аар томилж, жирийн ажилтан байсан Б.Хурцыг шууд газрын орлогч болгосон. Би хэлтсийн дарга байлаа. Тухайн үед “Гаалийн” Баатарын хэргийг ТЕГ шалгаж байсан юм. Энэ хэргийн хүрээнд Говь-Алтайн “Бургастай”-н боомтын гаалийн улсын байцаагч Амгаланбаатар гэдэг хүн ноолуур хил давуулсан хэргээр шалгагдаж байсан. /Одоо Говь-Алтай аймгийн Засаг дарга/ Шалгуулж байх хугацаандаа өөрийн хэргээ аргалуулахын тулд Б.Хурцад 50 сая төгрөгийн хахууль өгчихсөн. Миний удирдлага дор ажиллаж байсан хүнийг Б.Хурц явуулж, Амгаланбаатараас мөнгө авахуулсан байдаг юм. Амгаланбаатарын хэрэг прокурор руу шилжих үед би Б.Хурцад “50 сая төгрөгөө яах юм бэ? Гэмгүй ажилтныг энэ хэрэгтээ яагаад холбогдуулчихаж байгаа юм бэ?!” гэж шаардлага тавьж, үл ойлголцол үүссэн. Удалгүй Ерөнхий сайд, ТЕГ-ын дарга нар солигдсон. ТЕГ-ын Дотоод хяналтын байгууллага шалгаад, улмаар АТГ Б.Хурцыг яллагдагчаар татсан. 2006 оны Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Б.Хурц хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөөд, өршөөлд хамрагдсан байдаг.

-Намайг 2013 онд хоригдсоны дараа жил эхнэр маань ЕТГ-т хандсан байдаг юм. “Би Цогтбаатарын эхнэр байна аа. Нөхөр маань хилс хэрэгт хоригдоод байна” гэж. Гэтэл маргааш нь намайг 461-р ангиас хөл, гарыг минь гавлаад, ямар ч пааргүй, сандалгүй Фургон машинд авч явсан. Би өнгөрсөн жилийнх нь 4 сарын 4-нд гэрийнхээ таавчиктай, нимгэн цамцтайгаа баригдаад явсан, 1 сар буюу хөхөө өвлийн хүйтэнд Фургонд өмсөж гарсан хувцастайгаа явж байгаа юм. Би хүрэх газартаа осгоод, ухаан алдаад очсон. Өнгөрсөн хугацаанд гэрээс дулаан хувцас авчруулаагүй, эмнэлгийн үзлэгт оруулаагүй.

-Надад 8 зүйл ангиар буруутгаж, өвлийн хүйтэн “таавчиг”-тай хорих анги хооронд зөөж, хүний эрх зөрчсөн.

-Тохсон хэргүүдийнх нь нэг нь Германы иргэнийг онц хэрцгийгээр бүлэглэн хөнөөсөн гэх хэрэг. Машиныг нь унаад, гар утсыг нь бариад явж байна гэдэг худал мэдээллийг нэр бүхий хүмүүс тараасан. Гэвч яг тухайн үед ОХУ-д гэр бүлийн хамт ажиллаж, амьдарч байсан. Цагдаагаас шуурхай шалгаж, прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосон.

-Хамгийн эмгэнэлтэй нь “Төрийн нууц задруулсан” гэх хэргээр 5 жилийн ял оноож, “Аврант”-ын хорих ангид 2015 оны үед хоригдсон. Гэтэл 2004, 2005 оны үед надад алуулсан гэж байсан Германы иргэн 2015 онд “Голомт хотхон”-оос гарч ирж байсан.

-Би хоригдож байх хугацаандаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ТЕГ-ын дарга, ҮАБЗ-ийн тусгай хяналтын дэд хороонд хандсан. Энэ бүхэн маань ямар ч үр дүнд хүрээгүй. Хорихоос илгээсэн захиа маань замаасаа алга болоод, сонин хэвлэл дээр тавигдчихсан байдаг байсан. Тэгээд намайг “олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл тараасан” гээд, 3 сарын ял нэмж өгч байх жишээтэй.

-Төв аймгийн шоронд хоригдож байхад ТЕГ-ын даргаар ажиллаж байсан нэг хүн надтай ирж уулзаад, “Б.Хурцаас уучлал гуйгаад захиа биччих. Би аваачиж өгөөд та хоёрыг эвлэрүүлээд өгье” гэсэн. Надад бичих юм олддоггүй. Би ямар “намайг уучлаарай” гэлтэй биш, буддын үйлийн үрийн сургаалын талаар бичээд явууллаа. Тэгэнгүүт над дээр “намайг заналхийллээ” гээд эрүүгийн хэрэг үүсгүүлчихэж байгаа юм.

-Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Лүймэдийн Гансүхийг ялласан шүүгч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ намайг ялласан байдаг юм. Сүүлд намайг ялласан шүүгч, прокурортой таараад “Та нар яагаад намайг тэгж байгаа юм бэ?” гэхээр “Дээрээс тэг гэдэг байсан” гэж байгаа юм.

Одоо болтол энэ хүмүүс хариуцлага хүлээгээгүй. Энэ хүмүүс эрүүгийн хариуцлага хүлээдэггүй юм аа гэхэд, ёс зүйн хариуцлага хүлээх ёстой шүү дээ.

-Энэ хүмүүс хонгилын, залхаан цээрлүүлэх өөрсдийн дэг сургуультай болчихсон. Хоригдож байгаа хүнийг төдийгүй гэр бүлийн хүмүүсийг нь хамруулдаг. Намайг Төв аймагт хоригдож байхад эхнэрийг маань эргэж ирэх бүрд нь машины дугуйг нь хагалдаг байсан. Тэгээд, ямар нэг аргаар эрүүгийн хэрэг үүсгэдэг. Тэр хүн ямар буруутай юм бэ? Тэгээд сарын дараа хэрэгсэхгүй болгочихдог.

-Лу.Болд гишүүн хэлж байсан ш дээ, “Хүний санаанд багтамгүй зүйл хийдэг” гэж.