ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫГ ТҮР ЗОГСООСОН Ц.САНДАГ-ОЧИР САЙДЫГ Ж.ЭНХЖАРГАЛАН "МАХАН БОМБО" ГЭВ

GNNGNN
Apr 8, 2026  
 0
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫГ ТҮР ЗОГСООСОН Ц.САНДАГ-ОЧИР САЙДЫГ Ж.ЭНХЖАРГАЛАН "МАХАН БОМБО" ГЭВ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Туулын хурдны замын төслийг түр зогсоох шийдвэр гаргаснаа өчигдөр шөнө (2026.04.08) зарлалаа. 

Тодруулбал, Төслийн хүрээнд Туул голын дагуу нийт 32 км урт, 6 эгнээ бүхий авто зам барихаар төлөвлөгдсөн бөгөөд Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан зэрэг 4 дүүрэг, 15 хорооны нутаг дэвсгэр хамрагдаж буй аж.

Төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны холбогдох газрын дарга нар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн төлөөлөлтэй уулзжээ. Улмаар дараах арга хэмжээг авахаар болсон байгаа юм. 

Үүнд:

Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, стратегийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, батлуултал төслийн үйл ажиллагааг түр зогсоох;

Төсөл хэрэгжүүлэгч нь батлагдсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулалгүйгээр үйл ажиллагаа эхлүүлсэн зэрэг асуудал илэрсэн тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авахыг Байгаль орчны улсын хяналтын газарт үүрэг болгожээ.

Сайдын энэ шийдвэртэй холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "SAVEТУУЛ-ынханд дуулгах чихэр шиг сайхан мэдээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Туулын хурдны замыг түр зогсоолоо гэнэ. Сошиалаар ажлаа хийдэг махан бомбонуудтай улсад бид амьдарч байна" хэмээсэн байна.