Д.ТЭРБИШДАГВА: ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХАМТРАХААРАА ХИЙДЭГ, ДАНГААРАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛЧИХСОН ЮМ УУ?

УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва МАН-ын Бага хурал руу орохоос өмнө сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Хувь хүнээс илүү хууль гэж бий. 2008 онд С.Баярын Засгийн газар стандарт бус Засгийн газар байгуулсан шүү дээ. Стандарт бус гэдэг нь хууль бус гэдгээ нотолсон хэрэг юм. Энэ Засгийн газар Оюутолгойн гэрээг байгуулсан.
Би Шадар сайд байхдаа Оюутолгойд шалгалт оруулж байв. Том төслүүдийг хамтрахаараа хийдэг, дангаараа хийж чадахгүй болчихсон юм уу? Дэлхийн жишиг, Германы жишиг гээд ярих юм.
Германд олонх болсон нам хамтарсан Засгийн газар байгуулсан түүх байхгүй. Хамтрахаараа сайхан ажиллана, хамтрахгүй бол сөрөг хүчний ажлаа хийнэ гэх нь буруу. Монгол Улсын эрх ашиг хаана байна? Ингэж ярьж болдог юм уу? Сөрөг хүчин алдаа дутагдлыг засах үүрэгтэй. Арваад жилийн өмнө С.Баярын хэлсэн Хамтрахаар л хөгждөг гэсэн үгийг тоть шиг давтах нь буруу.
Зарчим зарчмаараа, хууль хуулиараа явах ёстой. Намууд Засгийн газрыг шүүмжлэн ажлыг сайжруулах ёстой болохоос блоклоод байж болохгүй гэв.