ДОПИНГ ИЛЭРСЭН ГУРВАН БӨХӨД ХАРИУГ НЬ ТАНИЛЦУУЛНА
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаан, сур харваанд амжилт гаргасан 32 бөх, 16 харваачаас допингийн шинжилгээ авсан. Улмаар бөх, харваачдаас авсан шинжилгээний хариуг өнгөрсөн долоо хоногт Допингийн эсрэг үндэсний байгууллага зарласан юм. Дөрөв буюу түүнээс дээш давсан бөхчүүд, сур харвааны эрэгтэй, эмэгтэй эхний найман тамирчнаас допингийн шинжилгээ авсан юм. Шинжилгээний сорьцыг ХБНГУ-д лабораторид шинжлүүлсэн.Допингийн шинжилгээнд 48 сорьц явуулснаас 44-ийнх нь хариу ирсэн бөгөөд уг 44 сорьцод допинг илрээгүй байна. Харин үлдсэн дөрвөн сорьцод нэмэлт шинжилгээ буюу нарийвчлан шинжилгээ хийнэ гэдгийг мэдээлж байсан юм. Тэгвэл шинжилгээний хариу ирээгүй байсан хүмүүсээс гурван бөхийн шинжилгээнээс допингийн хориотой бодис илэрсэн нь тогтоогдож, нэг тамирчны хариу ирээгүй байсан юм. Хариу ирсэн гурван тамирчинтай өнөөдөр Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, Үндэсний бөхийн салбар хороо уулзаж, шинжилгээнийх нь хариуг танилцуулах юм.