ДЭЛХИЙН ШИЛДЭГ 100 ЭМЭГТЭЙ ХӨРӨГ ЗУРГИЙН ДӨРӨВДҮГЭЭРТ “ХАТАН” ЗУРАГ ШАЛГАРЛАА
Дэлхийн мэргэжлийн гэрэл зураг сонирхогчдын дунд томоохонд тооцогдох “35AWARD”-ын “Эмэгтэй хөрөг шилдэг 100 зураг” /RETRATO FEMENINO 100 BEST SINGLE PHOTO/ төрөлд Монгол улсаас “ХАТАН” зураг шилдэг дөрөвт шалгарлаа. Мөн уг зургийг авсан “Урлан” студийн гэрэл зурагчин Миймаагийн Ганзориг нь шилдэг 100 гэрэл зурагчинд багтсан байна.
“35AWARDS” нь гэрэл зургийн бүх төрөлд олон улсын мэргэжлийн гэрэл зурагчдын оны шилдэг 100 бүтээлийг онцлох зорилготой. Шилдгүүдийг шалгаруулахдаа гурван үе шаттай санал хураалт явуулдаг бөгөөд нэрс болон таних тэмдгийг сайтар нууцалж хаалттай байдлаар шалгаруулдаг тул үнэлгээ нь хамгийн бодит болдгоороо өндөр нэр хүндтэйд тооцогддог.
“Хайпэй” компанийн захиалгаар “Hipay Naadam” сурталчилгаанд зориулсан уг зураг авалтын зурагчнаар “Урлан” студийн гэрэл зурагчин Миймаагийн Ганзориг (GZ Miimaa), моделиор дуучин Б.Ихэрсувд ажилласан бол зурагт дүрслэгдсэн хатан хувцас нь хувийн цуглуулагч С.Дуламсүрэнгийн алтан сан хөмрөг дэх ХОСГҮЙ ҮНЭТ ТҮҮХЭН хувцас хэрэглэлд хадгалагдаж байсан нь гэрэл зургийн хальснаа дахин амилсан юм. “Хатан” зураг нь Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал дээр байршиж байна.
“35AWARDS” нь 2015 оноос хойш зохион байгуулж буй олон улсын мэргэжлийн гэрэл зурагчдын томоохон уралдааны нэг юм. Анхны уралдаанд 110 орны 36 мянган хүн оролцсон бол 2023 оны уралдаанд 174 орны 111 мянган гэрэл зурагчдын 465 мянган бүтээл оролцсон юм.
Шилдэг эмэгтэй хөрөг зураг: 35awards.com/winners2023/#pbest100
Шилдэг эмэгтэй хөрөг зурагчин: 35awards.com/winners2023/?act=photographers
Гэрэл зурагчин М.Ганзориг: www.instagram.com/gzmiimaa
Hipay – Happy Naadam гэрэл зураг: www.facebook.com/photo