Д.Амарбаясгалан: Сэтгүүлчидтэй харилцан ойлголцолд хүрлээ
Д.Амарбаясгалан: Сэтгүүлчидтэй харилцан ойлголцолд хүрлээ

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүд 67.7 хувийн саналаар дэмжлээ
УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр (2025.04.25) Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэн, 67.7 хувийн саналаар дэмжив. Улмаар төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Энэхүү хуулийн төсөл нь боловсруулах шатнаасаа эхлэн олон нийтийн анхаарлыг татаж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоог хангаагүй хэмээн шүүмжлэлд өртөөд байсан юм.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганы үеэр энэ талаар байр сууриа илэрхийлж, дараах мэдээллийг өглөө:
"Хуулийн төсөлд засаж, сайжруулах зүйл олон байгаа. Өчигдөр Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд болон МСНЭ мэдэгдэл гаргаж, өргөн хүрээнд хэлэлцэхийг шаардсан. Энэ дагуу өнөө өглөө 08:30 цагт Хүний эрхийн дэд хорооны дарга Эрдэнэболд, Ажлын хэсгийн ахлагч Ч.Лодойсамбуу нарын хамтаар 30 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийлээ."
Уулзалтаар хуулийн төслийг илүү нээлттэй хэлэлцэх, хэвлэл мэдээллийн салбарын төлөөллийг оролцуулах, шаардлагатай бол анхны хэлэлцүүлгээс төсөл татагдаж болзошгүй талаар тохиролцсон байна.
Ийнхүү УИХ-ын гишүүд үзэл баримтлалыг дэмжиж, хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх шийдвэр гаргалаа.